Чингэлтэй дүүрэгт хог хаягдлыг ангилан боловсруулах Эко Хаб байгуулах ажил үргэлжилж байна

2025-11-02 17:071min
20251102-170733-file.jpeg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21-р хороо, Самбалхүндэвийн буюу олны нэрлэж заншсанаар 70 давхар орчимд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулахад зориулсан жишиг төв болох “Эко Хаб” байгуулах ажил үргэлжилж байна.

“Эко Хаб” ашиглалтад орсноор хог хаягдлыг үнэ цэнтэй нөөц болгон хувиргах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц экосистемийн шийдэл болохыг албаныхан мэдээлжээ.

Самбалхүндэвийн оршуулгын газар нь 1930-аад онд байгуулагдсан бөгөөд 1987 онд хаагдсан ч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн түүхтэй.

Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, мөн Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд байрладаг.

2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан.

Мөн 2015 онд тус газрыг 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоосон ч 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

Оршуулгын газарт оршиж буй хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хий дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн турш өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг аж.

Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэгжилт хийгдээгүй байна.

Одоогоор төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хооронд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийг нийт 10 га газарт байгуулахаар төлөвлөсөн байна.