Оюу толгойн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг Найрамдал медалиар шагнав

2025-11-02 16:251min
20251102-162522-file.jpeg

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн Дэйрдрэ Лингенфэлдерийг уул уурхайн салбарын хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, гүний уурхайн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн, үйлдвэрлэлийг аюулгүй, тогтвортой нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, олон нийттэй харилцах чиглэлээр идэвхтэй ажилласан хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлэн шагнасан байна.

“Найрамдал медаль” нь Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал юм.