Нийслэлд түлшний жингийн зөрүүтэй холбоотой гомдол гарч, автомат машины тохируулгыг шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшийг 400 гэрээт цэгээр борлуулж байна.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс түлшний жингийн талаар гомдол тасрахгүй ирж байгаа бөгөөд 25 кг шуудай түлш дутуу килограммтай зарагдаж байгаа тухай мэдээлэл их байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэлэхдээ, сайжруулсан шахмал болон хагас коксон түлш килограммдаа хүрэхгүй 20-23 кг буюу 2-3 кг дутуу түгээгдэж байгаа гомдол ирсэн гэж мэдээлэв.
Тавантолгой түлш компанийн автомат машин 400 орчим тонн түлшийг тогтоосон жингээс дутуу савласан тохиолдол илэрсэн тул автомат машины тохируулгыг шинэчилж, 25-26 кг байхаар төлөвлөсөн байна.
Иргэдээс дахин килограммдаа хүрэхгүй түлш нийлүүлсэн тухай гомдол ирвэл Тавантолгой түлш компанид арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэв.
Газар дээр нь шалгалт хийхэд сайжруулсан шахмал болон коксон түлш 25 кг хүрч байсан бөгөөд өмнөх өдрүүдийн зарим нийлүүлэлт автомат машины тохируулга алдагдсанаас үүдэлтэй байсан гэж тогтоогджээ.
Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын нэг өдрийн шахмал түлшний хэрэглээ 3100 тонн бөгөөд сарын дундаж үйлдвэрлэл 75 мянган тонн байна.
Өдрийн түлшийг 34 албан байгууллага гэрээт 400 цэгээр нийлүүлж байгаа ажээ.
