Нас барсан зээлдэгчийн тэтгэврийн зээлийн үүргийг хэн хүлээх вэ?

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийн тоймд, зээлдэгч Ц нас барсан учир түүний зээлийн үүргийг хэн хүлээх талаар маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Ц, Б нар зээлийн гэрээ байгуулж 10,475,000 төгрөгийн зээл авсан бөгөөд дахин зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж Ц нь Г-тэй хамтран 2,180,000 төгрөгийн зээл нэмж авсан гэж тайлбарласан. Зээлдэгч Ц нь эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд зээлээ хугацаанд нь төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй. Ц нас барсан тул хамтран зээлдэгч Г-ээс үүргийг шаардах шаардлагатай болсон.
Хариуцагч Г нь Ц-гийн тэтгэврийн зээлд гарын үсэг зурахдаа түүний өмнөх зээлүүдийг мэдээгүй байсан гэж маргасан.
Анхан шатны шүүх Г-ийг хамтран хариуцагч учир зээлийн гэрээний үүргийг биелүүлэх ёстой гэж үзсэн. Гэвч давж заалдах шатны шүүх Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц-гийн зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцан төлөх үүргийг 2024.06.10-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн гэж дүгнэсэн.
Хяналтын шатны шүүхээс, анхан шатны шүүх тэтгэврийн орлого нь барьцааны зүйл болохыг анхаараагүй, тэтгэврийг хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж, Ц-д холбогдох зээлийн үүрэгт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Г-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
