Д.Амарбаясгаланд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар уг хэрэг үүссэн байна.
Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахад прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул уг мэдэгдлийг өмгөөлөгчид нь харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн байна.
Сэжигтэн Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна.
