Монгол, Киргиз хоёр улс жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөв

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг 2025 оны долоодугаар сарын 21-нд Бишкек хотноо Монгол Улсын Засгийн газар болон Киргиз Улсын Сайд нарын танхим хооронд байгуулсан.
Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц нь 87 гишүүн улстай бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон.
Конвенцын дагуу гишүүн улсууд иргэдийнхээ үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, солих асуудлыг зохицуулдаг.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын иргэдийн эрх, ашигт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хоёр талын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулж байна.
Одоогийн байдлаар Чех, Бельги, Люксембург зэрэг улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр солиулах боломжтой болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр нь 11 зүйл бүхий монгол, киргиз, англи, орос хэлээрх дөрвөн эх бичвэрээс бүрдэнэ.
Иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ солих хүсэлтээ гаргахдаа шаардлагатай материал, дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хүсэлтээ хүлээн авч хэрэгжүүлэх асуудлыг тусгасан.
Мөн жолоодох эрхийн үнэмлэх дээр заасан тээврийн хэрэгслийн ангилалд нийцсэн үнэмлэхээр солих бөгөөд шаардлагатай тохиолдолд лавлагаа гарган баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.
Энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын тулд талууд дотоодын хууль зүйн процедурыг бүрэн хангаж, дипломат шугамаар харилцан мэдэгдэнэ.
