Нийт нутгаар хүйтэрч, цасаар шуурах тул хол замд явахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө

2025-10-13 16:301min
Screenshot 2025-10-13 161353

Зам, Тээврийн Яам(ЗТЯ)-наас жолооч тээвэрчид, иргэд зориулан 2025 оны аравдугаар сарын 13-22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав.

Энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.

Мөн аравдугаар сарын 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатар хот орчимд энэ сарын 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас, цас орно.

Иймд жолооч тээвэрчид та бүхэн зам, даваа гүвээнд үүссэн халтиргаа, гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг ЗТЯ-наас зөвлөлөө.