БНХАУ экспортын татвараа нэмээгүй. Зуучлагч компаниуд алдагдсан орлогоо нөхөхийн тулд хөлсөө нэмэгдүүлэх, татвар нэмсэн гэх ойлголтыг түгээж байна

Сүүлийн өдрүүдэд гараад буй БНХАУ экспортын барааны татвараа нэмсэн гэх яриа нь үндэслэлгүй худлаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал хоёр улсын хооронд импорт, экспортын тарифыг тогтоохдоо заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг ба Монгол Улс, БНХАУ-ын хооронд одоогоор ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа аж.
Харин Хятадын талаас дотоодын аж ахуйн нэгж, корпорацууддаа тавигдах татварын хяналт, шалгалтаа сайжруулж, реформ хийж байгаа юм байна. Үүнийхээ хүрээнд 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нь экспортын аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараа ил тод, зөв мэдээлдэг байх тал дээр тодорхой журмаа өөрчилсөн тухай мэдэгдэл гаргажээ. Уг журам нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн аж.
Өмнө нь Эрээн дээрх худалдаа, тээвэр зуучийн компаниуд томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны эрхийг ашиглаж, Монгол руу экспорт хийх эрхгүй жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж, түүн дээрээ НӨАТ-ын 5-8 хувийн буцаалт авдаг, инновац шингэсэн бүтээгдэхүүн дээр 15 хувь хүртэлх Засгийн Газрын татаас, дэмжлэг авдаг нэмэлт орлоготой байсан нь тус татварын шинэчлэлийн дагуу боломжгүй болж байгаа юм байна.
Улмаар алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу ойлголт гаргах, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэтээр алдаатай ойлголтыг түгээсэн байна.
Иймд худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд, бизнесийн байгууллагууд монголын хариуцлагатай, буух эзэн буцах хаягтай тээвэр зууч, худалдааны компаниудаар дамжиж бараа бүтээгдэхүүнийхээ захиалгыг хийж байх, тэдгээр зуучлагчийн компаниуд нь албан ёсны стандарт шаардлагад нийцсэн, экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн зуучилж, худалдан авч илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна гэв.
“Монголын бизнес эрхлэгчид цаг нь тулаад ирэхээр гэнэт ойлгосон юм шиг аашлалгүйгээр урьдчилж бэлтгэлтэй байж, бизнес төлөвлөгөөндөө тусгаж ажиллах хэрэгтэй”
Цаашид Монголын бизнес эрхлэгчид цаг нь тулаад ирэхээр гэнэт ойлгосон юм шиг аашлалгүйгээр урьдчилж бэлтгэлтэй байж, бизнес төлөвлөгөөндөө тусгаж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцлов.
Тухайлбал энэ хавар барилгын улирал эхлэхээр барилгын бараа материал татах, тоног төхөөрөмж худалдаж авах гэх мэт үйл ажиллагааг жижиг дунд, экспортын эрхгүй ААН-үүдээс авах биш албан ёсны эрхтэй ААН-үүдтэй харьцаж, захиалахыг зөвлөлөө.
Мөн эдгээр ААН-үүдээс НӨАТ-ын буцаалтын татварыг бууруулах, инновац шингэсэн бүтээгдэхүүн татаасынхаа хэмжээгээр хөнгөлөлт эдлэх талаар гэрээ хэлцлүүд хийвэл үнийн хөнгөлөлт эдлэх боломж худалдан авагч талд үүсэж байна. Иймд урьдчилсан бэлтгэлтэй байхад гэнэтийн буруу ойлголтод автагдахгүй юм гэв.