УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Татвар, нийгмийн даатгалын хуучирсан тогтолцоог халж, иргэдийн “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийнэ

2025-09-15 11:344min
546837652_1270705755070543_84419627610628609_n
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээлтийн үеэр дараах зүйлсийг онцлов.
Тэрбээр “Намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон.
Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байна. Тиймээс эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу төсөв хэлэлцэн батлах гишүүд Та бидний үүрэг хариуцлага нэмэгдэж байна.
Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг онцлон анхааруулъя.
УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан нь сайшаалтай байна. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзжээ. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахгүй.
Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье.
Иргэд, аж ахуйн нэгжүүд өнөөдөр татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.
Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн үед бий болсон бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна.
Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай.
Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.
Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн.
Төрийн өмчит 107 компанийг өнөөдөр 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна.
Хувийн хэвшлийн хийж чаддаг бизнесийн орчинд төр аж ахуй нэгжүүдтэй өрсөлддөг байж болохгүй. Энэ хүрээнд УИХ-ын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллана.
Иймд Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг нягт хэлэлцэж, цогц шийдэлд хүрэх шаардлагатайг онцлон тэмдэглэе” гэв.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийн үр дагаврыг олон талаас нь нягтлах шаардлагатай.Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний салбарын эрх зүйн орчны болон энэ салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэл нэн яаралтай хийгдэх ёстой. Тиймээс өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн давуу талыг бус, сөрөг үр дагаврыг ч олон талаас нь нягтлан шийдвэрлэхийг анхааруулъя. Мөн энэ салбарын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн төслүүдээ цаг алдалгүй өргөн мэдүүлэх нь зүйтэй.
Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Цаашид бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлуудыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.
Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувиар нэмэгдсэн байна. Багш ажлын байраа орхих байдал буурахгүй байна. 2016 онд шинэ багш нарын 4.3 хувь ажлаа орхисон бол 2022 онд энэ үзүүлэлт 12.7 хувьд хүрчээ.
Наадмын дараах намрын их ажил улс даяар өрнөж, айл өрх, албан газар бүр өвөлжилтийн бэлтгэл базааж байна. Энэ жил нийт нутгийн 40 гаруй хувь гантай болон гандуу зуслаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангайн зарим нутаг болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг зэрэг газар тариалангийн гол бүсийн зарим хэсэгт зуншлага тааруу байв. Зуншлагын нөхцөл байдлаас улбаалан өвөлжилт, хаваржилт анхаарал татаж байна.
Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай. Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг сануулж байна” гэдгийг УИХ-ын чуулганы нээлтэд онцлон хэллээ.