“Ямаа хямд зарна” гэх зарын дагуу үл таних хүний данс руу ₮7 сая шилжүүлж, залилуулжээ

Цагдаагийн Ерөнхий газраас өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилангийн гэмт хэргийн тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, худалдаа наймааны аппликейшн дээр “Ямаа хямд зарна” гэх зар болон бусад хуурамч заруудын улмаас иргэд үл таних данс руу урьдчилж мөнгө шилжүүлж, алдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, зарын дагуу холбогдсон этгээдэд итгэж үл таних хүний данс руу ₮7 сая орчим шилжүүлэн, бараа авах боломжгүй нөхцөл үүссэн хэрэг бүртгэгдсэн байна.
ЦЕГ-ын зөвлөмж:
• Худалдан авалт хийхээс өмнө зарын эзний мэдээллийг нягталж, бусад хэрэглэгчийн сэтгэгдэл, профайлын үйл ажиллагааг шалга.
• Урьдчилгаа бүрэн шилжүүлэхээс зайлсхийгээрэй. Боломжтой бол биечлэн уулзаж барааг шалган, олон нийтийн цэгт гүйлгээ хий.
• Банкны дансны эзний нэр тохирч байгаа эсэхийг шалга. Сэжигтэй тохиолдолд банк руу холбоно уу, боломжтой бол гүйлгээ зогсоох арга хэмжээ ав.
• Гүйлгээ, харилцсан мессеж, зарын дэлгэрэнгүй мэдээллийг хадгалж, холбогдох баримтыг бүрдүүл.
Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлтэй тулгарвал 102 утсаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, холбогдох материал бүрдүүлэн шалгуулахыг ЦЕГ зөвлөж байна.
Цахим орчны аюулгүй байдалд анхаарал сайтар хандуулж, сэрэмжтэй байгаарай.