Сэлбэ төслийн эхний барилгууд 2027 онд ашиглалтад орно

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8565 өрхийн 158 га талбайг хамрах газрыг чөлөөлсөн. Улмаар тус газарт орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Дээрх төслийн хүрээнд 113 блок орон сууцыг барих бөгөөд үүний зэрэгцээ дэд бүтцүүдийг шийдэж өгөхөөр төлөвлөсөн. Нэг үгээр хэлбэл, хүнд хэрэгцээтэй нийгэм, соёлын үйлчилгээг бүхэлд нь 20 минутын зайд төвлөрүүлсэн хотыг бий болгох юм. Тухайлбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн байна. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Түүнчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулах аж.
Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатандаа орсон байна. Улмаар эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлжээ. Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй учир гулгалт үүсэх магадлал өндөр гэнэ. Тиймээс барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн байна. Ингэснээр хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалах ажээ.
Мөн гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан байна. Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1000 шоо метр усан санг 2000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарчээ. Улмаар ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр аж. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15 мянга гаруй яндан, 12000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг зургаан хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай гэж тооцоолжээ.