СУДАЛГАА: Монгол Улс 2050 онд өндөр хөгжилтэй орон болно гэдэгт итгэх иргэдийн итгэл 37.4 хувь байна

2025-08-29 11:25
monument-of-mongolian-revolutionary-hero-Sukhbaatar

2025 онд SICA судалгааны төвөөс Монгол Улсын нийгмийн үе хоорондын ялгаа, итгэл үнэмшил, үзэл суртал болон хэрэглээний хандлагад гарч буй өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор Монголын нийгмийн үеийн судалгааг хийжээ.

Уг судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн дөрвөн бүсээс 18-аас дээш насны 1,200 иргэн хамрагдсан байна. Судалгааг тоон болон асуулга, баримт бичгийн шинжилгээний аргуудыг хослуулан явуулсан бөгөөд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор үр дүнг нь 2020 онд хэрэгжсэн “Монголын нийгмийн үеүдийн итгэл үнэмшил ба хэрэглээний ялгаа” судалгааны үр дүнтэй харьцуулсан аж.

Нийгмийн үеийг судлахад нас болон цаг хугацаа гэсэн хоёр хэмжигдэхүүн чухал байдаг байна. Хүний наснаас хамаарч үзэл бодол, хандлага нь өөрчлөгддөг ажээ. Жишээ нь, тухайн цаг үед тохиосон дайн, эдийн засгийн хямрал, шинжлэх ухаан, технологийн нээлт зэрэг томоохон үйл явдлууд үе бүрийн үзэл бодолд өөрөөр нөлөөлдөг байна.

Судалгааны чухал үр дүнгүүдтэй танилцах холбоос:

Судалгааны үр дүнгээс харахад:

Монголчуудын ирээдүйд итгэх итгэл сүүлийн таван жилд 14.8%-иар буурчээ. 2020 онд нийт иргэдийн 52.2% нь ирээдүйдээ итгэлтэй байсан бол өнөөдөр энэ тоо эрс багассан байна. Мөн “Монгол Улс 2050 онд өндөр хөгжилтэй орон болно” гэсэн хүлээлт 37.4%-иар буурсан нь иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл багасаж буйг харуулж байна.
Шинэ үеийнхэн (1995-2010) дунд бөө мөргөл шүтэх хандлага нэмэгдсэн нь сонирхолтой өөрчлөлт болжээ.
Улс төрийн хувьд социализмын үзэл буурч, капитализмын үзлийг дэмжих дэмжлэг нэмэгдсэн боловч улс төрийн намд итгэх итгэл эрс суларсан байна.
Иргэдийн мэдээлэл авах гол суваг уламжлалт зурагтаас сошиал сүлжээ, аппликэйшн рүү шилжжээ.

Нийгмийн үе хоорондын ялгааг харвал:

Шилжилтийн (1983-1994) болон шинэ үеийнхэн (1995-2010) ирээдүйд итгэх итгэл багатай, харин глобал асуудалд дэмжлэг үзүүлэх хандлага өндөр.
Социалист үеийнхэн (1964 он хүртэл) социалист үзэл болон улс төрийн намд итгэх итгэл өндөр хэвээр байна.
Ямар ч насны бүлэгт хамаарах хүмүүсийн дунд интернэт, сошиал сүлжээний хэрэглээ огцом өссөн нь үе хоорондын нийтлэг онцлог болжээ.
Ийнхүү уг судалгаа нь иргэдийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, мэдээлэлд хандах хандлага болон үе хоорондын ялгааг тодорхой харуулснаараа нийгмийн шинжлэх ухааны судалгаа болохоос гадна бизнесийн стратеги төлөвлөлт болон төрийн бодлого боловсруулахад ч чухал суурь мэдээлэл болох юм.

Хэрэв та аливаад судалгаа суурьтай хандаж, оновчтой шийдвэр гаргахыг эрмэлздэг бол судалгааны дэлгэрэнгүй үр дүнг доорх холбоосоор орж уншина уу.

Монгол хэл дээр: https://www.datamon.mn/content/detail/109/
Англи хэл дээр: https://www.datamon.mn/content/detail/111/