Нийслэлийн бүх нутаг дэвсгэрт үерийн дараах халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Улаанбаатар хотод хоёр хоногийн турш 23-32 мм, 12 мм хур тунадас орж, зарим хэсэгт үерлэсэн. Үерийн дараах цэвэрлэгээ, ариутгалын ажлын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэл өгөв.
2025 оны наймдугаар сарын 21-ний 08:00 цагаас наймдугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт үер усны 192 дуудлага мэдээлэл ирж, НОБГ болон гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиас 766 алба хаагч 106 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарт 31, УБШУЗТ-ийн 11-310005 тусгай дугаарт 67, дүүргүүдийн Шуурхай штабт 53 нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 90 дуудлага мэдээлэл дээр ажиллаж, 8,560 тонн усыг соруулан хэвийн байдал орууллаа. Бусад 102 дуудлага дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өгөв.
Нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 39 мото помп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж, тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг дайчиллаа.
Зам талбай, гуу жалгаар уулын ус бууж, замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг тус өдрийн 22.00 цагаас эхэлж нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргийн Онцгой комиссын нийт 555 ажилтан, алба хаагч 66 техниктэйгээр цэвэрлэв.
Үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг Хот тохижилтын газрын тав, хувийн хэвшлийн 10 машин, 30 ариутгагчаар хотын гудамж, замуудад ариутгал халдваргүйтгэлийн шөнийн 02:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна.
Энэ тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Их хэмжээний борооны улмаас Улаанбаатар хотод үер болж, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Хот тохижилтын газрын тусгай зориулалтын машин техникүүдээр тусгай зөвшөөрөл бүхийн хувийн хэвшлийн компаниудыг дайчлан ариутгал халдваргүйтгэл хийлээ. Нийт 15 машин, 30 ариутгагчтай ажиллаж байна.
Их Британи улсад үйлдвэрлэсэн “Просан” ариутгал халдваргүйтгэлийн бодисыг ашиглалаа. Үерийн ус их урссан бохирдсон гудамж, талбайд түрүүлж ариутгал хийгээд, нийслэлийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрт ажлыг үргэлжлүүлж байна” гэв.
Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 11 байршилд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхийн 10 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн мэргэжлийн байгууллагуудын нийт 55 ажилтан 11 техниктэйгээр 355 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Өчигдөр орсон усархаг бороо, аадрын улмаас Улаанбаатар хотын 11 цэгт үер бууж, нийслэлийн баг хамт олон болон холбогдох албаныхан шөнөжин ажиллаж хэвийн болголоо.
Борооны ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас ус ихээр тогтсон байршлуудад 8,560 тонн ус соруулж замын зорчих хэсэг, орц, гарц, гудамж, талбай, байрны зоорийн давхар, гараашийг хэвийн болголоо.
Мөн борооны ус зайлуулах сувгийн худгууд, үерийн далан, гуу жалганд үерийн усаар дамжин ирж хуримтлагдсан лаг хагшаас, хог шороог дүүргүүдийн онцгой комисс болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагууд хамтран цэвэрлэлээ.
Цэвэрлэгээ үйлчилгээний араас төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт гудамж, талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Урьдчилсан байдлаар 355,000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгаж амжлаа. Нийт ажилтан, албан хаагчдадаа баярлалаа” хэмээв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс