“The MongolZ” баг шөвгийн дөрөвт Францын “Team Vitality”-ийн эсрэг тоглохоор боллоо

2025-08-22 10:11
mr8bw6_NEUeKInXQAn4HyAG8zDGjZ_x974

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн найман багийн тоглолтоор үргэлжилж байна.

Манай улсын “The MongolZ” баг шөвгийн наймд Францын “3DMAX” багтай “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.

Өнөөдрийн тоглолтод манай баг Францчуудын сонгосон “Ancient map” дээр хамгаалах талаас найман үеийн илүүтэй байраа сольсон. Улмаар довтлох талаасаа долоон үеийг алдсан ч 13:9 тооны харьцаатай хожсон.

Харин өөрсдийнхөө сонгосон “Inferno map” дээр довтлох талаас эхэлж, 6:6 тооны харьцаатай байраа сольсон. Үргэлжлүүлэн хамгаалах талаас ердөө гуравхан үе авснаар 9:13 тооны харьцаатай ялагдав. Тоглолтын хувь заяа гурав дахь “Nuke map” дээр шийдвэрлэгдэхээр болсон бөгөөд манай баг 13:8 тооны харьцаатай хожив.

Ингэснээр манай улсын “The MongolZ” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна. Тэд шөвгийн дөрөвт Францын “Team Vitality” багийн эсрэг энэ долоо хоногийн Бямба гарагийн 22:30 цагт тоглох урьдчилсан хуваарь гарчээ.

Өнөөдрийн байдлаар Оросын “Team Spirit”, Европын “FaZe Clan” гэсэн дэлхийн том хоёр баг энэхүү тэмцээнийг өндөрлүүлээд байгаа юм.

Түрүүлсэн багт 500,000 ам.доллар, хоёрдугаар байрт 230,000 ам.доллар, гуравдугаар байрт 130,000 ам.долларын шагнал өгөхөөр тэмцээн зохион байгуулагчид төсөвлөжээ.