Баянхошуу дэд төвийн 800 айлын орон сууцны м.кв нь 3.3 саяар худалдаална

2025-08-20 10:41
167534315_2914471735435252_4859324926668085010_n

Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Улаанбаатар ногоон орон сууц” төслийн хүрээнд эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, эхний 110 айлын орон сууцыг газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох бол үлдсэн 75 хувийг зах зээлийн үнээр иргэдэд худалдахаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд нийт 800 айлын орон сууц баригдах ёстой бөгөөд үлдсэн байруудын хувьд газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж. Нийтдээ гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх уг төслийн эхний шатанд 2023–2026 онд Баянхошуу болон Шархад дэд төвд 23 блок бүхий 800 айлын орон сууц барих юм.

Төслийн нийт санхүүжилт 228 сая ам.доллар бөгөөд 2020 онд эхэлсэн энэхүү хөтөлбөрийн гүйцэтгэл одоогоор 13 хувьтай, 30 сая ам.долларыг зарцуулсан байна.

Төслийн нэгжийн ажилтны мэдээлснээр, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдэд санал болгож буй 25 хувь нь түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 75 хувь нь зах зээлд нээлттэй худалдах хэлбэрээр борлуулах юм. “Байрны хувьд 36-70 м.кв-ын хэмжээтэй, хоёр болон гурван өрөөний сонголттой. Эхний ээлжийн 220 айлын орон сууцны өрөөний хуваарилалт болон байршлыг айл өрхүүдийн мэдээлэлд үндэслэн боловсруулж, зураг төслөө баталсан” гэдгийг онцоллоо.

Одоогоор нийслэлийн Онцгой комисс эдгээр орон сууцыг албан ёсоор хүлээж аваагүй тул үнийн нэгдсэн тариф батлагдаагүй байна. Урьдчилсан байдлаар нэг м.кв-ын үнийг 3 сая 350 мянган төгрөг гэж тооцоолжээ. Мөн түрээслээд өмчлөх эрхтэй иргэд тухайн нөхцөлийг бүрэн хангаж байж өмчлөх эрх нь нээгдэх болохыг тодотгосон юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төслийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг гурван шатлалаар барихаар төлөвлөсөн. Одоогоор хоёр дахь ээлжийн 454 айлын орон сууцны барилгын ажил 43.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.