Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2019.07.17) хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Солтан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Д.Гангабаатар, Үндсэн хууль судлаач О.Машбат, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар оролцлоо.
Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, энэ талаарх төсөл, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналд нийтдээ 49 санал тусгагдсанаас 16 нь Улсын Их Хурлын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байна. Иймээс шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас цаашид асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар нухацтай ярилцах шаардлагатай болоод байна гэдгийг хэллээ. Иймээс Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх танилцуулга, дүгнэлтийг сонсохоор болов.
Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Н.Лувсанжав:
-Ажлын дэд хэсэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Ингэхдээ Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд тусгагдсан аасуудлуудыг хэлэлцүүлгийн шатанд хамтад нь харьцуулж ярилцаад шийдэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөл, саналдаа Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан байна. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн учраас Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан. Энэ санал нь төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр заасан агуулгатай тул Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна гэж үзэж буйгаа ажлын дэд хэсгийн гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасан нь Улсын Их Хурлаар одоо хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналаа илэрхийлсэн. Нөгөө талаар энэ санал нь агуулгын хувьд одоо хэлэлцэж буй төсөлд нийтлэг байдлаар зарчим нь туссан тул хамтатгаад хэлэлцэх боломжтой гэж үзсэн гэдгийг танилцуулав.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан:
-Ажлын дэд хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлтэй холбоотой заалтууд болон шинээр тавьсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөл, саналдаа одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд шүүхтэй холбоотойгоор тусгагдсан зарчмын гэж үзэж болохуйц хэд хэдэн заалтыг хасах санал гаргасныг ажлын дэд хэсэг дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой зааж өгөх, шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах, улстөржилтийг хаахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй, энэ зарчмаасаа ухрах учиргүй гэж ажлын дэд хэсэг үзэж байгаа.
Харин Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой саналыг ерөнхийд нь дэмжсэн. Учир нь одоо хэлэлцэгдэж буй төсөлд энэ саналын агуулга нь туссан гэсэн утгаар хүлээж авсанд тооцож болох юм гэж үзсэн. Түүнчлэн шүүхийн тогтолцоотой холбоотой төслийн 48.1 дэх заалт нь өмнө нь өргөн баригдсан төсөлд хөндөгдөөгүй учраас хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд бусад Байнгын хороод дээр төсөлд хөндөгдөөгүй заалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хүлээн аваагүй учраас энэ зарчмыг барих нь зүйтэй гэж тогтсон. Хэрэв Улсын Их Хурал энэ заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл томьёоллыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэдгийг хэллээ.
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Ц.Товуусүрэн:
-Ажлын дэд хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 7 зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох хэдий ч одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй, одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа зүйл, заалтууд ч байгаа учраас эдгээрийг цаашид сайтар судалж нягтлах шаардлагатай гэж ажлын дэд хэсгийн гишүүд үзсэн. Хэрэв өмнөх төсөлд хөндөгдөөгүй зарим зүйл, заалтыг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэл холбогдох судалгаа тооцоо хийж, тайлбар, үндэслэлийг нарийвчлан боловсруулах замаар хамтатган хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаагаа дурдав.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар:
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан зүйл, заалтуудыг ажлын дэд хэсэг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжих болон дэмжих боломжгүй талаарх үндэслэл, тайлбар, санал, дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн улс төрийн намын төлөвшилтэй холбоотой 191 дэх заалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой 21.4 дэх заалт, Улсын Их Хурлын гишүүн давхар албан тушаал хавсрах эсэхтэй холбоотой 26.1 дэх заалт нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд ямар нэг байдлаар хөндөгдсөн, агуулга нь туссан учраас хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзсэн. Харин төслийн бусад зүйл, заалтуудын тухайд өмнөх төсөлд огт хөндөгдөөгүй, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчимд харшлах агуулгатай байгаа учраас дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Мөн төсөлд тусгагдсан Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо, хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоохтой холбоотой зүйл, заалтуудыг Улсын Их Хурал шийдэх нь зүйтэй гэж ажлын дэд хэсэг үзсэнийг танилцуулсан юм.
Ажлын дэд хэсгийн ахлагчдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Болд нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг сайн судалж, байр сууриа нэгтгэх, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай. Мөн асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөц байдлаар хандаж болохгүй. Иймээс төслийн зүйл, заалтуудтай холбогдох судалгаа тооцоо, үндэслэл, тайлбараар гишүүдийг хангахад ажлын дэд хэсгүүд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг сануулж байлаа.
Эцэст нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, Ерөнхийлөгч өчигдөр төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, гишүүдийн гар дээр өнөөдөр ирж байгаа учраас одоогоор төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлж, нарийвчлан ярих боломжгүй байна. Иймээс юуны өмнө Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай.
Мөн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг анхаарах. Түүнчлэн журмын тухай хуульд “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна гэдгийг онцлоод энэ талаар ажлын дэд хэсгийн ахлагч нарт тодорхой үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.