Дубайн шейх Мохамед бин Рашид аль-Мактумаас зугтаж Лондонд ирсэн зургаа дахь эхнэр нь нөхрөө араар тавьж байсан гэсэн дуулиантай мэдээлэл Британийн хэвлэлүүдэд цацагдаж эхэллээ.
АНЭУ-ын эмиратуудын нэг боло Рашид аль-Магтум зургаа дахь эхнэр, Хайя бинт аль-Хуссейн гүнжийг үйлдэл дээр нь гардуулж байсан тухай “Daily Mail”-д мэдээлжээ. Гүнжийн амраг нь британи гаралтай бие хамгаалагч нь байсан гэнэ.
Шейхийн гэр бүлд ойр эх сурвалжуудын хэлснээр Мохамед бин Рашид аль-Мактум өнгөрсөн тавдугаар сард Дубайгаас гэнэт, ямар ч хэл үггүйгээр Лондонд ирэхдээ эхнэрээ өөр эртэй байхыг харжээ. Уг нь тэрбээр есөн хүүгийнхээ гурвынх нь хуримын ёслолд оролцож байсан гэнэ.
“Тэр ажилтнууддаа ч хэлэлгүйгээр гэртээ ямар ч анхааруулгагүйгээр ирсэн. Тэгтэл эхнэр нь бие хамгаалагчтайгаа сууж байсан. Тэд бие биетэйгээ хэтэрхий ойрхон байсан гэж тэр үзсэн” хэмээн эх сурвалж дурджээ.
“The Times”-т мэдээлснээр бол Хайя гүнжийг хамгаалагчтайгаа дотно харьцаатай байж магадгүй гэдгийг шейх эртнээс гадарлаж байжээ. Тухайлбал, гүнж залуу британи эрд тансаг бэлэг барьсныг Мохамед бин Рашид аль-Мактум төдийгүй ойрын хүрээллийнхэн нь ч хараад гайхсан гэдэг.
Харин эхнэрээ өөр эртэй байхыг харсан Мохаммед Лондоноос Дубай руу ганцаараа нисч иржээ. Тэрбээр Инстаграмдаа шейхийг гонсойлгосон нэгэн эмэгтэйн тухай шүлэг хүртэл оруулсан байна. “Чи бол урвагч. Би хамгийн үнэтэй итгэлээс урвасан. Чиний тоглоом одоо ил болсон” гэсэн үгтэй шүлэг байсан гэдэг.
Тэгвэл одоо энэ хос Лондонд шүүхдэлцэх гэж байна. Дубайн захирагчийн хувьд хүүхдүүдээ авахаар тэмцэлдэх гэж байна. Хайя гүнж шүүхэд бэлтгэж, Диана гүнж, Чарльз хунтайж нарын гэр бүл салах ажиллагаанд оролцож байсан өмгөөлөгч Файон Шеклтоныг хөлсөлжээ.
Шейхийн талд Мадонна, Гай Ричи нарын салалтад оролцож байсан өмгөөлөгч Хелен Уард ажиллана. Шүүхийн эхний сонсгол энэ сарын 30-нд болох юм.
Британийн хэвлэлүүдэд бичсэнээр бол гүнжийн амраг гээд байгаа залуу дуулианы дараа Их Британидаа үлдсэн, АНЭУ руу буцаж очоогүй гэнэ. Мэдээллээс үзэхэд тэрбээр шейхийн гэр бүлийн хамгаалалтад ажилладаг Британийн “UK Mission Enterprise” фирмд ажилладаг байжээ.
Дубайн шейхийн зургаа дахь эхнэр 39 сая америк долларыг хүүхдүүдтэйгээ аваад зугтсан талаарх мэдээлэл өнгөрсөн сарын сүүлчээр ил болсон юм. Хэвлэлүүдэд түүнийг амь насанд нь аюул учирснаас болж зугтсан гэж мэдээлж байлаа.
Харин долоо хоногийн дараа Хайя бинт аль-Хуссейн Лондонд 85 сая фунт стерлингийн үнэтэй харшдаа хүүхдүүдтэйгээ хамт байна гэсэн мэдээлэл цацагдсан байна.