Хүй долоон худагт энэ сарын 20, 21-нд зохион байгуулагдах “Их хурд”, өв соёлын фестивальд хурдан морь унах бүх хүүхдийг Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо.
Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд”, адуун өв соёлын фестиваль энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд аймаг сумдын түрүү, нутаг нутгийн хамгийн хурдан хүлгүүд оролцдогоороо онцлогтой.
Гэмтэл согогийн төрөлжсөн анхны хувийн эмнэлэг болох Мөнгөн гүүр эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюу толгой” ХХК-тай хамтран энэ сарын 19-нд энэхүү уралдаанд оролцох 7-12 насны бүх уралдаанч хүүхдүүдэд нүд, шүд, чих хамар хоолой, дотор болон гэмтлийн эмчийн нарийн мэргэжлийн үзлэг хийн амин үзүүлэлтүүдийг үзэн аюул осолгүй сайхан наадах бэлтгэлд дэмжлэг болох юм.
Иймд “Их хурд” фестивальд оролцох эрх авсан уралдаанч хүүхэд, эцэг эхчүүд, уяачид та бүхэн 07-р сарын 19-ны өдрийн 9:00-18:00 цагийн хооронд Хүй долоон худагт байрлах “УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ЭМЧИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА” хаяг бүхий асрыг зорин очиж уралдаанч хүүхдүүдээ үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаарай.