“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласаар ирсэн.
Энэ дагуу Цогтцэций сум дахь гал унтраах, аврах 44 дүгээр ангийн ажлыг дэмжин, албыг чадавхжуулах, ачааллыг бууруулах зорилгоор фургон автомашин энэ сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө.
Тус ангийн нярав А.Бямбадорж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон иргэдийн аюулгүй байдал, аврах ангийн ажлыг түргэн шуурхай явахад дэмжлэг үзүүлсэнд нийт ангийн бие бүрэлдэхүүний өмнөө талархаж байгаагаа илэрхийлье. Манай хамт олон зам тээврийн осол, үер усны дуудлагад явах зэргээр ачаалалтай ажилладаг бөгөөд аврах ангийн хэмжээнд дуудлагад явдаг хоёр машины ачаалал их байсан” гэж ярилаа.
Өнгөрсөн 3 дугаар сард Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өмнө өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардуулсан юм.
Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэйгээр Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн салбар нэгжүүдтэйгээр өргөн хүрээнд ажилладаг. Тус газар нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуй нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг байна.