Э.БОЛОРХАЖИД
ӨГЛӨӨНИЙ СОНИН
Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтад хашигдахгүй, эдийн засгийн эрх чөлөөгөө авч үлдэх эсэх нь ирэх аравдугаар сард бүрэн тодорхой болно. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуунтай энэ сэдвээр ярилцлаа.
– ФАТФ-ын саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд төрийн байгууллагуудын зүгээс өнгөрсөн хугацаанд багагүй зүтгэл гарган ажиллаж буйг та “Санхүүгийн салбарын комплаенс” арга хэмжээний үеэр хэлж байсан. Монгол Улс тэдний болгоомжлоод буй шиг эрсдэлтэй орон биш гэдгийг бид харуулах ёстой. Тэгэхийн тулд санхүүгийн салбарынхны оролцоо төр, хувь гэлтгүй бүрэн дүүрэн байх ёстой болов уу?
– Тийм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь эдийн засгийг, улс орныг бүхэлд нь хамарсан тасралтгүй үйл явц байх ёстой. Төр, хувийн хэвшил, хувь иргэн бүр оролцоотой байж гэмээнэ тогтолцоо болж нутагших юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх гэдэг бол гэмт хэрэг. Ийм гэмт хэргийг үл зөвшөөрөх хандлага, ойлголт иргэн бүрт байж, цаашлаад улс орны бодлогод шингэсэн цогц үйлдэл болох ёстой юм. Харамсалтай нь, бид үүн дээр 2013 оноос хойш нэлээн хугацаа алдсан. Тиймээс алдсанаа нөхөж үйл ажиллагаа явуулах ёстой. Түрүүн хэлсэнчлэн энэ бол хүн бүхэнд хамаатай асуудал. Жишээ нь, хувь хүн санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахдаа шаардаж буй мэдээллийг цааргалалгүйгээр гаргаад өгчихдөг байх хэрэгтэй. Манай хувийн хэвшлийнхэн, бизнесүүд хөрөнгө оруулалт татахдаа ямарваа нэг гэмт хэргийн бүлэглэлийн хохирогч болохгүйн тулд хаанаас, хэнээс ямар эх үүсвэртэй мөнгийг өөрийн бизнестээ оруулах гэж байна вэ гэдэгтээ хяналт тавих хэрэгтэй.
Ер нь бизнесүүд ямар хөрөнгөөр өргөжиж байна вэ гэдэг асуудал зөвхөн манай биш дэлхий даяар анхаарал татсан чухал асуудал болсон. Хөрөнгө оруулалт татахын тулд харилцаа холбоо тогтоож буй хувь хүн, байгууллагаа сайн судалж, болгоомжтой хандах ёстой. Зуун хувь итгэлтэй байгаа тохиолдолд тухайн хөрөнгийг өөрийн бизнест шингээж авах үйл ажиллагааг эхлүүлж болох юм. Эс тэгвээс манай санхүүгийн байгууллагууд хуульд заасан үүргээ хэрэгжүүлж буй учраас холбогдох шаардлагыг тавьж мэдээллүүдийг тодруулна, лавлана.
Ямар нэг зүйл тодорхой бус байвал хуулийн дагуу аливаа гүйлгээг хийхгүй байх эрхтэй. Энэ бол эрхээс гадна тэдний хүлээсэн үүрэг. Энэ үүргийг хүлээж, биелүүлснээрээ улс орныхоо санхүүгийн системийг бохир мөнгөнөөс хамгаалах хамгийн эхний хаалт, хамгаалалт болж байгаа юм. Үүнийг аливаа санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж буй хувь хүн, хувиараа бизнес эрхлэгчид, компаниуд ойлгох ёстой.
– Хөрөнгө оруулалт манай эдийн засагт ихээхэн хэрэгтэй. Сая таны ярианд хөрөнгө оруулалтад шүүлтүүртэй, болгоомжтой хандах тухай хөндөгдлөө. Тэгэхээр төр нь ч, хувийн хэвшил нь ч хөрөнгө оруулалтаар цангасан нөхцөл байдалтай манайхны хандлага таны анхааруулж хэлж буйтай зөрчилдмөөр юм шиг?
– Би тэгж бодохгүй байна. Төрийн зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж буйг би дэмждэг. Дэлхийн нэртэй компаниуд бүгд ФАТФ-ын 40 зөвлөмжийг судалчихсан, бизнесийнхээ загварт шаардлагуудыг нь шингээгээд явж байгаа. Зөв засаглалын стандартад бохир мөнгөнөөс хол байх зарчмууд орчихсон байдаг. Тиймээс дэлхийн томоохон компаниуд, хөрөнгө оруулагчдын хувьд бохир үйл ажиллагаатай холбогдоно гэж бодохгүй байна.
Миний яриад, сэрэмжлүүлээд буй зүйл бол манай жижиг компаниуд төрийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрсдөө хөрөнгө оруулагч олж, татаж байгаа тохиолдолд болгоомжтой байгаарай гэсэн л анхааруулга юм. Өөрөөр хэлбэл, төр засгийн хэмжээнд ярьж буй том хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг бол арай өөр. Хувийн хэвшил, жижиг, дунд түвшний компаниудын тухайд мөн өөр л дөө.
– Хувийн хэвшил ачааны хүндийг үүрч байна. Тэр хэрээрээ хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудал улам л чухал болж байна. Манайд ер нь бизнесийн ёс зүй гэдэг ойлголт ямар түвшинд байна вэ. Үйл ажиллагаа өргөжиж, нөлөөлөл тэлэхийн хэрээр ёс зүйтэй байх шаардлага улам нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
– Компани жижиг, том байхаас үл хамаарч ёс зүйтэй байх ёстой. Компанийн зөв засаглалын асуудал манай том компаниуд бол гайгүй байх. Ер нь компаниуд дотооддоо бизнесийн ёс зүй гэдэг ойлголтыг хэвшүүлж ажиллах ёстой. Манай улсын тухайд Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс энэ тал дээр нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Яваандаа манай жижиг, дунд хувийн компаниудад засаглал, ёс зүйн асуудал хэвших байх гэж найдаж байна. Гэхдээ бид үүнийг аль болох түргэн шуурхай хийх ёстой.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа бол бизнесийн, компаниудын ёс зүйтэй нягт холбоотой. Нэг талаас хүн ёс зүйтэй байж бизнесээ ёс зүйтэй авч явна. Бизнесээ ёс зүйтэй авч явна гэхээр хуулиа биелүүлээд явна гэсэн үг.
– Бид саарал жагсаалтын гадаа үлдэх эсэх асуудал яг өнөөдөр бол Оюутолгой, Тавантолгойг тойрч хэмлэлдэхээс илүү чухал гэгдэж байна. Манай улсын тайлангийн төслийг тавдугаар сарын 24-ний өдөр Ази номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болон ажиглагч олон улсын байгууллагад санал авахаар түгээсэн гэсэн шүү дээ. Тайлангийн агуулгын талаар ямар нэгэн асуудал гарахгүй бол ирэх найм болон есдүгээр саруудад дараалсан “шалгалт”-уудыг давна гэж ойлгосон?
– Манай дагалдах тайлан 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргэгдсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төсөл тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараагдсан. Нааштай үр дүн гарч магадгүй гэж найдаж байгаа. Энэ чигээрээ яваад манай тайлан наймдугаар сард жилийн хурал дээр хэлэлцэгдээд батлагдвал бид саарал жагсаалтаас ганц алхам хойшоо алхах юм.
– Ганц алхам аа?
– Тийм ээ. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бол тогтолцооны асуудал. Ганц хууль, ганц журам батлаад биелүүлчих юм биш. Хууль, эрх зүйн тогтолцоо яаж ажилладаг билээ. Яг л түүнтэй адилхан байнга хэвшиж, хийгдэж, өдөр тутам урагшилж байх ёстой ажил юм. Монгол Улс өөрсдийнхөө эрсдэлийг үнэлж, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх гэмт хэрэгтэй байнга тэмцээд явж байх ёстой. Эрсдэлийн үнэлгээндээ суурилж, шаардлагатай бол бодлогодоо өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй.
Аливаа нэг байгууллагад доголдол дутагдал байх юм бол засаад, боловсон хүчнээ байнга бэлдэж байх ёстой. Ялангуяа санхүүгийн шинжээчийн нарийн мэргэжилтэй хүмүүсийг хуулийн байгууллагуудад ажиллуулах хэрэгтэй байгаа тул ажил хэрэг болгохоор эхлүүлээд байна. Түүнээс гадна төрийн болон хувийн хэвшлийнхэн хоорондоо сэжиг бүхий үйл ажиллагааны мэдээллийг хуулийн хүрээнд чөлөөтэй солилцож байх ёстой.
Хувийн хэвшлийнхэн сэжигтэй үйл ажиллагааны мэдээллийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлснийхээ төлөө ямарваа нэг эрсдэлд орж, шийтгэл хүлээх ёсгүй. Тэд Монгол Улсаа л хамгаалаад явж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүмүүсийг, тухайн байгууллагыг хамгаалах хамгаалалтыг хуульд заачихсан. Гэхдээ бүгдээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
– Өмнө нь бид 2013 онд саарал жагсаалтад ороод гарсан шүү дээ?
– 2013 онд ороод 2014 онд гарсан.
– Тухайн үед бол манай тухайд хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарсан, ажилласан байх. Тэр үеийн болоод одоогийн нөхцөл байдлыг харьцуулж харъя л даа. Өнөөдөр бидэнд тэр үеийнхээс ямар давуу тал байна вэ?
– 2013 онд Монгол Улс анх удаа саарал жагсаалтад орсон. Тэр үеийг одоогийнхтой харьцуулахын тулд ФАТФ-ын зүгээс ямар стандарт баримталж байсан бэ гэдгийг эхлээд харах ёстой. Бид 2013 онд саарал жагсаалтад орсон боловч анхны харилцан үнэлгээ 2007 онд явагдсан юм. Тэр үед ФАТФ-ын стандарт өөр байсан. 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байсан юм. Тэр үед одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал хангалттай байсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн тогтолцоо байна уу. Хариуцаж байгаа байгууллагууд, хийж байгаа хүмүүс нь байна уу. Журам заавраа гаргасан уу гэхчлэн авч үзэж байв.
2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан бол өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо шингэчихсэн. Дээрээс нь 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон.
Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж харсан хэвээрээ.
Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч ирсэн. Илүү нягт, цогц авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн. Тэгвэл таны асууж байгаачлан бидэнд одоо байгаа давуу тал юу вэ гэхээр тэр үетэй харьцуулахад манай нөхцөл байдлыг ойлгох чадамж нь өндөр болсон. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо их идэвхтэй болсон. Асуудлыг ойлгох чадамж нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай төр, хувийн хэвшлийн оролцоо их сайжирсан гэж хэлж болох юм.
– Манай улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор АНУ-ын банкууд Монголын банкуудтай төлбөр, тооцоо хийхдээ өндөр шаардлага тавьж эхэлсэн. Яг өнөөдрийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?
– Ер нь АНУ-ын санхүүгийн систем шалгуур өндөртэй. Төрийн байгууллагууд нь санхүүгийн системдээ үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдэд өндөр хяналт тавьдаг. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг олон улсын том банкуудад сүүлийн үед торгуулийн арга хэмжээнүүд авагдаж буй талаар та бүхэн мэдээлэл харж л байгаа байх. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэсэн тодотголтой торгууль төлбөр төлөөд яваад байгаа шүү дээ. АНУ том эдийн засаг учраас мөнгө угаах гэмт хэрэгт нэлээн нэрвэгддэг. Тийм учраас гаднаас орж ирж байгаа мөнгөний урсгалд хамгаалалт, хяналт тавьдаг. Энэ утгаараа Монгол Улс тэдний шалгууруудыг хангах, биелүүлэх ёстой.
Зөвхөн бид биш дэлхий даяар л мөрдөж байгаа дүрэм журам. Австрали, Япон, Европ гэхчлэн том эдийн засгууд ялгаагүй бүгдээрээ стандарт, шаардлагыг биелүүлэхийг нэхдэг. Бид олон улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулъя гэж байгаа бол шаардлагуудыг нь биелүүлээд явж байх ёстой. Тэгж дадахын тулд анхаарах зүйлс бий.
Мэдээж банкны харилцагчийн асуудал гарч ирнэ. Миний түрүүний яриад байгаа хувь хүний соёл, ёс суртахуунтай байдал, хуулийг дагаж, мөрдөж хэвших тухай асуудал энд яригдаж таарна.
– Технологид суурилсан санхүүгийн систем дэлхийг хэрж, улам бүр нягтруулж буй ийм үед саарал жагсаалт гэдэг бол “санхүүгийн шорон” гэхэд болох байх. Энгийнээр хэлбэл тухайн улс орон зөвхөн өөрөө өөртэйгөө л харилцах орон зайтай үлдэнэ гэсэн үг биз дээ?
– Мэдээж аливаа улс орон ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тохиолдолд нэн тэргүүнд санхүүгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тухайн улс орны харьяанд байдаг банкны гадаад гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах, харилцагч гадаад орны банкууд харилцаагаа таслах үйл ажиллагаа явагддаг. Тийм учраас ямар ч улсын хувьд ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш.
Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ.
– ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд арилжааны банкууд харилцагчдаас тодорхой мэдээллийг гаргуулж авах, цаашид мэдээллийг тогтмол шинэчлэх байдлаар харилцагчаа таньж мэдэх үүрэг хүлээдэг. Манай арилжааны банкууд энэ үүргийг ямар түвшинд биелүүлж байна вэ?
– Монголын банкны систем санхүүгийн салбарынхаа 95 хувийг авч явдаг. Энэ утгаараа манай банкны системийн оролцогчдод өндөр хариуцлага ногддог.
Харилцагчаа таньж мэдэх үйл ажиллагаа банкны системд нэлээн өндөр түвшинд, гайгүй байна гэсэн дүгнэлт харилцан үнэлгээний тайланд бий. Гэхдээ бид тайвшрах ёсгүй. Илүү цаашаа сайжруулаад, олон улсын стандартад нийцтэй болгох ёстой. Мэдээж манай банкныхан үүнийг харилцагчдадаа зөв ойлгуулах чухал. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадаадын байгууллагуудын шаардлагыг биелүүлэх гэж төрөл бүрийн баримт нэхээд байгаа юм биш Монгол Улс өөрийнхөө санхүүгийн салбарыг хамгаалах, гадаадын зах зээлд нэр төрөө өндөр хичээх хэрэгтэй шүү гэдгийг харилцагч бүр ойлгох ёстой.
– Манай улс өнгөрсөн хугацаанд гэрийн даалгавраа хэрхэн хийсэн бэ гэдэг нь удахгүй тодорхой болж, дүнгээ тавиулах нь. Та ярианы төгсгөлд юу хэлэх вэ?
– Эцэст нь хэлэхэд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бол зөвхөн төрийн байгууллагын ажил биш. Энэ бол эх орондоо хайртай хүн бүхний л ажил. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг бол бидний үзэн ядаад байдаг авилга, хээл хахууль, хүний наймаа, хар тамхины наймаа гэсэн гэмт хэргүүдийн, тулгамдсан асуудлуудын л тусгал юм.
Бид авилгыг, хар тамхийг үзэж ядаж байна, тэмцье гэдэг. Тэгвэл тухайн гэмт хэргээс олсон бохир мөнгийг ашиглах, эргэлтэд оруулах гэсэн гэмт хэрэгтнүүдийн үйлдэлд хаалт хийх ёстой. Үүний тулд хувь иргэн, өрх гэр, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын бүгдийнх нь хичээл зүтгэл, хамтын ажиллагаа хэрэгтэй юм.
– Цаг гарган ярилцсан танд баярлалаа.