Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байрны 64 настай Э /эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ өнгөрсөн сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ. Энэ талаар мөн өдрийн 14:20 цагт албаныханд мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын алба хаагчид, орон нутгийн иргэдийн хамт нийт 42 хүн өчигдөр (2019.07.01) эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрлийнхэн тус сумын төвөөс хойд зүгт “Хайлаастын гол”, “Мөнхийн дархан хилийн хөшөө” гэдэг газар хүртэл 10 км-т, “Хайлааст манхан” гэдэг газраас сумын төв хүртэл 10 км-т, нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт эрлээ түр зогсоожээ. Улмаар өнөө өглөө 04:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.