Академич Д.Амарсайхан “БИ 2100 ОНЫ МОНГОЛ УЛСЫГ ХАРЖ БАЙНА” цуврал нийтлэл бичиж уахим ертөнцөд тавьсныг олон хүн сонирхон уншиж байна.
Д.Амарсайхан академич “Бичигч миний бие нь, аль нэг улс төрийн намын гишүүн буюу харъяалалтай байж огт үзээгүй, нам бус бөгөөд аль нэг намд тал засах шаардлагагүй нэгэн. Доор бичсэн зүйлсийг, зөвхөн “Монголын төлөө” гэсэн сэтгэлээр, аль болох жирийн хүнд ойлгогдох хэлбэрээр бичихийг чармайсан гэдгийг анхаарна уу” гээд, мөн “Үндсэн хуулийн болон эх орны хөгжилд хэрэгтэй бусад хуулиудад өөрчлөлт хийх боломж энэ удаагийн парламентад оногдоод байгаа бөгөөд үүнийг “түүхэн боломж” гэж харвал зохилтой. Хэрэв сонгогдсон УИХ-ын гишүүн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй, зөвхөн “би үүнийг хийчихвэл сонгогчдод муухай харагдчихвал яанаа, дахиад сонгогдож чадахгүй бол яанаа” гэсэн сэтгэлээр хандаад байвал, бид өнөөгийн энэ шавар, шавхайтайгаа зууралдсаар дахиад хэдэн ч арваныг өнгөрөөж магадгүй болов уу” хэмээн анхааруулжээ.
Ингээд түүний нийтлэлээс хүргэж байна.
Ази тивийн цээжин дээр Хүннү, Сүннүгийн үеэс уламжлалтай эртний түүхт хүчирхэг өвөг, дээдсийн удам би бээр, Монголын төр ийм сулбагар байгаа өнөө үед буюу эх орны хөгжил хаашаа ч хамаагүй эргэж магадгүй байгаа энэ эгзэгтэй цаг үед, манай орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар зайлшгүй хэлэх ёстой хэдэн зүйл байгааг, уншигч авхай таны сонорт хүргэхийг хүссэн бөгөөд үүнийгээ Монгол улсынхаа иргэний ариун үүрэг хэмээн бодном. Надад ирээдүйн Монгол улс олон янзаар дүрслэгдэж байгаа боловч, сайтар “харж” байгаа 2 хувилбараа та бүхэнд толилуулъя.
2100 оны Монгол улс – Эхний хувилбар
“Эрх баригчид нь 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед байсан, Монгол улсын үсрэнгүй хөгжлийг боомилж, эрх мэдэл, албан тушаалаа зөвхөн өөрийнхээ төлөө ашигласан, улс төрийн их завхралын үндсийг тавьсан, нөгөө л хэдэн “улс төрч” нөхдийн ач, гуч нар болон тэдний цүнх баригчдын удмынхан. Улсынхаа хийж болдог бүх л бизнесийг хуваагаад авчихсан, жирийн бизнес эрхлэгчдэд юу ч үлдээгээгүй тэд, хамгийн бага татвар төлөх бөгөөд үүнийгээ “хүмүүний тэгш эрх” хэмээн иргэдээ тавлана.
Эх оронд нь уур амьсгалын их өөрчлөлт эрчимжиж, зунд нь хуурайшил, ган гачиг эрс нэмэгдэж, өвөлд нь зуд нүүрлэн, нийт нутаг нь цөлжиж, хэт замбараагүй өссөн мал сүрэг нь бэлчээргүй болж, нийт хүн ам нь уух усны гачаалд орсон ч, ашигт малтмалын бүх л өөдтэй гэсэн ордуудыг эзэмшин, гадаад эзэндээ, түншдээ үйлчлэх тэдэнд энэ асуудлууд төдийлэн падгүй, харин 5-дахь өдөр бүрийн үдээс хойш хувийн онгоцоороо гадаадын орнууд руу зугаалж, эрчүүд нь “казино” хэссэн шиг, эхнэр, хүүхдүүд нь “шоппинг” хийсэн шиг явна.
Харин ард иргэд нь туйлын ядуу, дорой, боловсрол тааруу, мухар сүсэгт хэт автсан, дэлхий дээр байж болох бүх л шашинд хуваагдаад орчихсон, өөрсдийн төлөө тэмцэх чадваргүй, ямарваа нэгэн ид шидийн зүйл л өөрсдийг нь аврана гэдэгт итгэчихсэн, сав л хийвэл өөрийн шүтдэг шашны хэн нэгэнд өөрийгээ даатгаж, өглөө, оройгүй шашны болон бусад зан үйлийг үйлдэнэ. Амьдралд нухлуулсан тэд, “манай үндэстний хувьд, социализм гээд сайхан юм байсан юм гэсэн, гэтэл энэ эрх баригчдын өвөө, эмээ нар гээд хөгийн гарууд улсыг маань ийм замд оруулчихсан юм гэнэлээ” хэмээн сав л хийвэл, “хараан, зүхэж”, ер нь “ингэж зовж амьдарч байхаар аль нэг улсад дагаар орж болдоггүй юм байх даа” хэмээн гансарна.
Нийгмийн арай залуухан гэх хэсэг нь “нэг бол гадаадын аль нэг оронд очиж сураад, тэндээ яаж үлдэе дээ” хэмээн бодож, аль эсвэл “гадагшаа явж, яаж мөнгө хийе дээ” хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болно. Гадаад орнуудын монголчуудад зориулсан визний шаардлага маш өндөр бөгөөд болзлыг нь хангах жирийн иргэн ховор. Зарим нэг улс нь тэтгэлэг, энэ тэр зарлах бөгөөд түүнд нь тэнцэж чадсан нэгнээ их хувь заяатайд тооцно. Яаж ийж байгаад гадагшаа гараад ажиллаж байгаа монголчуудыг, тухайн орныхон нь “өндрөөс”, зарим нь бүр “тэнгэрээс” харж, “ийм ч хүмүүс байх гэж дээ, 13-р зуунд дэлхийг эзэлж байсан нь үнэн юм боловуу даа, хөөрхийс” хэмээн басамжлан харна…”
Миний хувьд аль нэг улс, үндэстэн рүү дайрч давшлан, шүлс, нусаа үсэргэхийг, орчин үеийн соёлт хүмүүнд үл нийцэх, бүдүүлэг үйлдэл хэмээн үздэг нэгэн. Иймдээ ч, өөрийн бичиглэсэн зүйлд аль нэг улсын нэр ус дурьдаагүй ба хэрэвзээ бид арчаагүй байх юм бол дурын “Х” улс л биднийг эрхшээнэ гэдгийг эрх баригчиддаа, ард түмэндээ ойлгуулахыг хичээсэн хэрэг.
Ер нь бид ямарваа нэгэн үндэстнийг “ёстой хогийн амьтад байгаа юм” гэсний зоргоор тэд муу болчихгүй. Иймээс монголчууд бид аливаа зүйлд ухаалаг, хүлээцтэй хандаж, өргөн цар хүрээтэй сэтгэж, бодож, ухаанаараа өөрсдийн ашиг, сонирхлыг хамгаалах урлагт суралцах нь, манай үндэсний эрх ашигт илүүтэй нийцнэ.
Хүний нийгмийн хөгжлийн болон хувь хүний төлөвшлийн гол нууцыг судлаад үзэхэд, мөн чанар нь сайн хуулинд оршдог. “Хулгай хийх” тухай бодол эрт үеэс хувь хүний далд ухамсарт байсаар ирсэн зүйл бөгөөд хөгжингүй орнуудад үүнийг бүх л төрлийн хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “ажиллах” боломж гарвал ямар ч хүнд “ажиллах” сэдэл төрдөг бөгөөд хөгжингүй орнуудын ч гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд авилгад холбогдоод байдаг нь үүний нэг тод жишээ юм.
Үүнийг тэрлэгч миний бие нь идэр залуу наснаасаа гадаадын олон орноор явж, суралцаж, эрдэм, боловсролын салбарт ажиллаж ирсэн, Эзэн Чингэс хааны нутагт монгол хүн болж төрсөнөөрөө бахархдаг нэгэн бөгөөд Монгол үндэстэн, “Агуу түүхтэй”-гээ адил “Их хувь заяатай” гэж итгэдэг.
Түүхийн аль ч эгзэгтэй цаг үед, ямар ч хэцүү сорилт тулгарсан, Монгол үндэстэн даваад л гараад ирсэн байдаг. Өнөө цагт, монголчууд бид “зөв замаар явах уу?”, аль эсвэл “буруу замаар будаа тээх үү?” гэдэг салаа замын уулзвар дээр ирчихээд, дахиад л хүнд сорилттой тулгарчихаад байгаатай уншигч авхай та санал нийлэх байх.
Иймд өнөөгийн энэ замбараагүй байдлыг халж, “Төр” шиг төртэй болохын тулд, Үндсэн хууль болон бусад органик хуулиудад, юун түрүүн Чадамжтай төрийг бий болгох, Хөгжлийн бодлогын хороотой болох, Төрөөс хулгай хийгчдийг хатуу шийтгэх гэх мэтчилэн нилээд хэдэн заалтыг оруулж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв бид зөв хуулиудыг бий болгож, өнөөгийн төр, бизнесийн олигархууд холилдсон энэ гаж тогтолцоог алга болгож, хуулийн дор бүгд эрх тэгш амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх аваас, бидний хүссэн нийгэм их л ойрхон буюу.
2100 оны Монгол улс – Удаах хувилбар
22-р зуун гарах гэж байгаа тэрхүү торгон мөчид, НҮБ-ын дэргэдэх “Дэлхийн хөгжлийн байгууллага”-аас өнгөрч буй зуунд “агуу амжилт” гаргаж, хөгжлөөрөө манлайлсан 5 орныг зарлах гэж байгаа бөгөөд түүнд нь Монгол улс багтжээ.
Монгол орон 21-р зуунд үсрэнгүй хөгжлийн “ид, шид”-ийг үзүүлж, энэ амжилтаараа Гиннесийн номонд удаа дараа бичигдэж, тэр бүү хэл нийт дэлхий дахинаа “Монголын хөгжлийн загвар” хэмээх “нэр, томъёо” хүртэл бий болжээ.
Нийт иргэдийнх нь 80 хувь нь нийгмийн дундаж давхаргад хамаарах бөгөөд тэдний жилийн орлого 120,000-150,000 ам.долларт хэлбэлзэнэ.
Энэ улсад хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарууд өндөр түвшинд хөгжсөн байх бөгөөд хүмүүсийнхээ боловсролд ихэд анхаарснаар “хүний хөгжлийн индекс”-ээр сүүлийн 10 жилд, дэлхийн бүх улсуудаас тогтмол эхний 3-5 дугаар байруудыг эзэлсээр иржээ.
Дэлхийд дээгүүрт орох шинжлэх ухааны төвүүд, үндэсний их сургуулиуд нь, нийслэл хот болон хэд, хэдэн том хотууд нь байрлах ба тэнд бас Харвард, Стэнфорд, MIT, Кэмбриж зэрэг дэлхийн “том брэнд” болсон их сургуулиудын салбарууд аль хэдийн бий болжээ. Эдгээр сургуулиудад гадаад орнуудын мянга, мянган оюутнууд ирж суралцан, асар том хөрөнгө оруулалт хийхээс гадна, дэлхийн хамгийн тэргүүний гэгдэх мэдлэгийг олж авна.
Улаанбаатар хот дэлхийн санхүүгийн хамгийн том төвүүдийн нэг болсон байх бөгөөд биржийнх нь хүчин чадал Лондон, Нью-Иоркийн биржүүдтэй эн зэрэгцэнэ. Дэлхийн хамгийн томд тооцогдох пүүс, компаниуд IPO хийлгэхийг хүсдэг газар нь Улаанбаатар хот.
Угийн хэлний авъяастай, ухаан сэргэг монголчууд англи, орос, хятад, япон, солонгос зэрэг хэлүүдээр нэвт, шувт ярьж чадах ба Төр, засаг нь иргэнээ хөгжүүлэх, хүмүүстээ олон талын боловсрол олгох, үндэсний уламжлалаа хадгалах, түүх, соёлоо дээдлэх зэрэгт онцгой анхаарал хандуулна.
НҮБ-ын индэр дээр уригдаж ирсэн Монголын төлөөлөгчдөөс хэрхэн ийм үсрэнгүй хөгжлийн замд гарч чадсаныг нь сурвалжлагчид асуухад тэд доорх хариултыг өгч байх юм.
Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгоод, 21-р зууны эхэн хагасыг хүртэл хүнд замыг туулсан. Олигархууд, бизнесийн төлөөллүүд, хулгайлагч нар төрийг нь зайдлаад суучихсан, дандаа шахуу өөрсдийнхээ хувийн эрх ашигт хийцсэн хууль гаргаад, сав л хийвэл улсынхаа мөнгийг авч хармаандаа хийчихээд, ард түмэн нь хэцүүхэн амьдралтай байлаа.
Хүмүүс бодохдоо “хувьдаа компанитай, мөнгөтэй хүнийг сонгоод Монголын төрд гаргаад ирвэл улсаа баян болгох байх” гэж горьдоод, тийм л хүмүүсийг голдуу сонгоод байтал, тийм хүмүүсийн чинь шунал гэж юм ердөө гүйцэгдэхгүй, харин бүр улсаа тоноод, өрөнд оруулаад, “төрийн албан тушаал”-ыг өөрсдийгээ л улам баяжуулах хэрэгсэл болгоод байлаа.
Гэтэл нэгэн нэр цэвэр, янз бүрийн асуудалд холбогдож байгаагүй, өндөр боловсролтой, эх оронч лидер гарч ирээд, их өөрчлөлтийг хийсэн юм. Тэр хүн “ямар ч хүн” ойлгохоор доорх хэдэн өөрчлөлтийг Үндсэн хууль болон дагалдах зарим хуулиудад оруулах ажлыг эхлүүлж, их өөрчлөлтийг ард түмнийхээ тусламжтай хийж чадсан. Тэр үеэр нь, “нөгөө төрийг зайдлаад суучихсан нөхөд” хичнээн их эсэргүүцэл үзүүлж, янз бүрийн юм ярьсан гэж санана.
Оруулсан гол өөрчлөлтүүд:
- “Хөгжлийн бодлогын хороо”-той болох асуудлыг тусгасан. Тэр лидер, “ухаалаг, чадварлаг төрийг л бий болгож чадвал, хөгжлийн түлхүүр тэнд байгаа юм байна” гээд юуны түрүүн, эрдэмтэд болон салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн Хөгжлийн бодлогын хороотой болж, Монгол улсын хөгжлийг дор хаяж 30 жилээр төлөвлөж, аливаа нам, эвслийг сонгуулийн хөтөлбөрөө боловсруулахдаа зөвхөн хөгжлийн хөтөлбөрийг баримталдаг болгосон. Ингэснээр намууд “попорч, худал амлалт” өгч чадахаа больсон.
- 2 шатлалт парламентын тогтолцоог бий болгосон. Ингэснээр Монгол улсын бүх газар нутгаас нийт ард иргэдийн төлөөлөл доод танхимд сонгогдож, тэндээсээ голдуу хуулийн боловсролтой, өндөр ёс суртахуунтай хүмүүсийг дээд танхимдаа оруулж, хууль санаачлах ажлыг хийлгэдэг болгосон. Ингэснээр, төрд орж ирэх бизнесийн төлөөллүүд, олигархуудын тоо эрс цөөрч, тэд нар аяндаа төрөөс шахагдах үндэс суурь бий болсон.
- Намын хатуу гишүүнчлэлийг болиулсан. Ингэснээр, тухайн улс төрийн нам зөвхөн Монголын төрд сайн боловсон хүчин бэлтгэж өгдөг “инститүц” болон хувирсан ба олигархууд намыг зайдлахаа больсон.
- Намын санхүүг, ялангуяа үндсэн хөрөнгө болон сонгуульд зарцуулсан мөнгийг ил тод болгосноор намууд эрүүлжиж эхэлсэн. Яагаад гэвэл, мөнгөтэй хүмүүс болон олигархууд намыг худалдаж авч чадахаа больсон.
- Манай улс сонгуулийн хуулийн холимог систем буюу “пропорциональ, мажоритар хосолсон тогтолцоо”-г 2012 оны сонгуульд нэг удаа хэрэглээд, тэр нь бас нилээн амжилттай болсон хэдий ч, “тойргийг өмчлөх дуртай” улс төрчдөд таалагдаагүй учраас түүнийг больсон байсан юм. Дараагийн сонгуулиуд нь дахиад л мажоритар системээр яваад, улс төрчид нь бахь л байдгаараа, улсынх нь хөгжил ч урагшаа олигтой хөгжсөн юмгүй байгаад байсан учир, нөгөө холимог тогтолцоогоо дахин нэвтрүүлж, эхний ээлжинд 26 гишүүнийг тойргоос, үлдсэнийг нь нэрсийн жагсаалтаар оруулж ирдэг болсон. Дараа нь аажмаар пропорциональ тогтолцоо руу шилжсэн бөгөөд энэ үед үндсэн нөхцлүүд бүрдсэн байсан бөгөөд дор дурьдсан зүйлс хийгдсэн байсан:
- намын санхүүг нээлттэй болгочихсон байсан
- намын хатуу гишүүнчлэл байхгүй болсон байсан
- тендер болон мөнгөтэй холбоотой ажлуудыг сонгон шалгаруулах, хуваарилах ажлыг мэргэжлийн холбоодод нь өгсөн учир мөнгөтэй хүмүүс улс төрд орж ирэх сонирхолгүй болсон байсан
- олигархууд намыг зайдлахаа больсон байсан
- нэгэнт улс төр, мөнгө 2-ыг салгасан тул улс төрд зөвхөн өндөр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, “төрд үнэн сэтгэлээсээ ажил хийх хүсэлтэй” хүмүүс л орж ирдэг болсон
- улс төрийн намууд бодлогоороо уралддаг тогтолцоотой болсон.
- Пропорциональ тогтолцоо руу шилжсэний дараа УИХ дээр хөгжлийн талаар ярих боломжтой болсон бөгөөд энэ үеэс л Монголын хөгжлийн хурдац эрс эрчимжсэн.
УИХ-ын гишүүн гэж “супер хүн”-ийг эргүүлэн татдаг тогтолцоог бий болгож, буруу гарын нөхдийг явдаг газарт нь шууд явуулдаг болсон.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болдог байсныг болиулж, зөвхөн сонгуульд ялсан намын дарга л Ерөнхий сайд байж болох хуулийн заалтыг оруулсан. Ингэснээр, мөнгөтэй хүмүүс УИХ-д нэр дэвших сонирхол багасаж, төр цэвэршиж эхлэхэд чухал түлхэц болсон.
Гүйцэтгэх эрх мэдлийг илүү тодорхой болгох үүднээс Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгсөн. Ингэснээр, төсвийг тарамдуулах асуудал цэгцэрч, Хөгжлийн бодлогын хорооноос баталсан хөтөлбөрийн дагуу ажлаа явуулах боломжтой болж, бүтээн байгуулалтын том, том ажлууд хийгдэж эхэлсэн. Харин парламент нь хяналтаа тавьсан шиг тавьдаг болсон.
Манай сонгуулийн хуулинд маш том гажиг байсныг олж залруулсан. Энэ нь юу вэ гэхээр, Монголын нийгэмд болон улс төрд дуу хоолойгоо хамгийн их хүргэж байх ёстой “дундаж” буюу сэхээтний давхаргын гол төлөөлөл болох эрдэмтэн, судлаач, эмч, багш нарын сонгуульд нэр дэвших, сурталчилгаанд чөлөөтэй оролцох эрхийг нь “төрийн үйлчилгээний албан тушаалтан” гээд хуулиар хаачихсан байсныг болиулж, тэднийг чөлөөтэй болгосон. Ингэснээр, тэдний төлөөлөл “шийдвэр гаргах” гаргах түвшинд олноороо орж ирээд, тухайн үеийн манай намуудад “түгээмэл үзэгдэл” болоод байсан “боловсрол муутайчууд болон цүнх баригчид”-ыг шахаж гаргасан.
Бүх салбарыг мэргэжлийнх нь шилдэг хүмүүсээр нь удирдуулж, яамдыг ажил хийж чаддаг хүмүүсийн гарт өгч, Монголын онцлог бүхий “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон ажилласан. 20-р зуунд үүнийг дэлхий дахинаа “Сингапурын хөгжлийн түлхүүр” хэмээн жишээ болгон ярьдаг байлаа. Харин өнөөдөр 21-р зуунд дэлхийн иргэд “Монголын хөгжлийн загвар” гэж ярьдаг болсон нь бид бүхэнд “нэр төрийн хэрэг” юм.
Гадаадын нэгэн сурвалжлагч доорх асуултыг асууж байх юм.
Асуулт: Танай түүх, мөн тухайн үеийн зарим хүмүүсийн бичсэн зүйлсийг уншаад харж байхад, эдгээрийг чинь танай улс төрчид мэдээд л байдаг байсан юм билээ. Өөрчилдөггүй байсных нь шалтгаан юу юм бол?
Хариулт: Улс төрчид битгий хэл, жирийн иргэдийн ихэнх нь эдгээр өөрчлөлтийг хийвэл улс нь хөгжинө гэдгийг мэддэг байж. Харин өөрчлөлтийг шаардаад, ерөөсөө хийж өгдөггүй байсны гол шалтгаан нь, “хэсэг нөхөд” төрийг зайдалж сууж байгаад л, хувийн бизнесээ хөгжүүлдэг байсанд оршино. Гэхдээ, аливаа юмны “жинхэнэ шүүгч” бол “цаг хугацаа” байдаг тул улсаа хөгжүүлсэн болон хөгжүүлэхгүй байсан нөхдийн нэрс, нэгэнт “Монголын түүх”-ийн номонд бичигджээ.
Үргэлжлэл бий…
3 comments
Mongoliin shoron buh uls turchdeer udur her 2100 on
butneerree haan baigaa bilee
монголчуудыг, тухайн орныхон нь “өндрөөс”, зарим нь бүр “тэнгэрээс” харж, “ийм ч хүмүүс байх гэж дээ, 13-р зуунд дэлхийг эзэлж байсан нь үнэн юм боловуу даа, хөөрхийс” хэмээн басамжлан харна…” хэцүү еэ