Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг өчигдөр /2017.05.03/ Австралийн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд Шерман Стоунтай уулзаж охид, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлаар санал солилцож ярилцсан юм.
Уулзалтаар эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар голлон хөндсөн. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зэрэг асуудлаар харилцан туршлага солилцож, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр тохирлоо.
Хатагтай Шерман Стоун энэ сарын 2-4-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа. Энэ оны 9 дүгээр сарын 15-нд Монгол, Австралийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Парламентын гишүүнээр олон жил ажиллахдаа Монгол, Австралийн парламентын бүлгийн даргаар 20 орчим жил ажилласны хувьд хатагтай Шерман Стоун хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг чухалчлан үзэж, ялангуяа жендэрийн асуудлаар хамтран ажиллахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Дэд сайд С.Мөнгөнчимэг илэрхийлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ХНХЯ