Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд БОАЖЯ-наас төрийн байгууллагын албан хаагчдад “Байгууллагын ногоон менежмент” сэдэвт шат дараалласан сургалт зохион байгуулж эхэллээ.
Эхний сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын нийт 30 гаруй албан хаагчдад зориулж хийсэн юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Бидний саналыг хүлээн авч, энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа БОАЖЯ-ны хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн төлөө тэмүүлэх нь Монгол Улсын иргэн бүрийн чин хүсэл, эрмэлзэл байх ёстой. Байгаль орчны доройтол, агаарын орчны бохирдол бидний хувьд нэн тэргүүнд анхаарах асуудал болсон билээ. Иймд бид ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ өвлүүлэн үлдээхдээ үр өгөөжийг нь урт удаан хугацаанд хүртэх боломж олгохын төлөө хамтдаа хүч нийлүүлэн алхах болно” хэмээсэн юм.
Уг сургалтын зорилго нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулсны үндсэн дээр тэднээр дамжуулан нийгэмд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ерөнхий ойлголтыг өгөх. Мөн төрийн албан хаагчдын ухамсар хандлагыг нь сайжруулах, үйл ажиллагаа явуулахдаа илүү тогтвортой замаар ханддаг чадавхыг эзэмшүүлэхэд оршиж байна.
Цаашид үргэлжлүүлэн энэхүү сургалтыг БСШУСЯ, БХБЯ, ЗТХЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, ҮХГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын албан хаагчдад хийхээр төлөвлөөд байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ