Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд эхний гурван байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгсөн юм.
Эрэгтэй харваачдаас: 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.
Эмэгтэй харваачдаас: 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахир” багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн, Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад мөн шагнал гардууллаа.