Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан: Шинэ аварга төрлөө
2019-07-12 20:46

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд
- Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
- Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
- Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням нар тав давж УЛСЫН НАЧИН цол хүртсэн.
Зургаагийн даваа шинэ начингуудад халтай байж, бүгд өвдөг шороодсон юм. Гэвч Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа.
Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын аварга Н.Батсуурь, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяа, улсын арслан Э.Оюунболд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржаа нар барилдав.
Үзүүр түрүүний барилдаанд үлдсэн улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсуурийг давж Монгол Улсын аварга цолыг хүртээд байна.