Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн Монгол орны Алтай Соёны эко бүс нутагт цоохор ирвэс хамгаалах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн газар нь Алтай Соёны эко бүс нутгийн цоохор ирвэсний тоо толгой, эзэмшил нутаг, шилжилт хөдөлгөөн зэргийг эрдэмтэн судлаачид, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаад, нутгийн ард иргэдтэй хамтран судалж, улмаар цоохор ирвэс хамгаалах ажилд шаардлагатай мэдээлэл болон орон нутгийн хөгжлийг байгаль орчинд сөрөг нөлөө багатай төлөвлөхөд шаардлагатай шинжлэх ухааны мэдээлэл цуглуулан ажилладаг. Энэ ажлын хүрээнд цоохор ирвэсийн гол идэш тэжээл болох уулын туруутан амьтдын популяцийн хэмжээг тогтоох судалгаа хийлээ.
Цоохор ирвэсийн гол идэш болох янгир, аргалийн тооллогыг Жаргалантхайрхан, Бумбат хайрхан, Баатархайрхан уулсад 2017 оны 11 сарын 3-14-нд хийв. Харин Цагаан шувуут, Хархираа-Түргэний уулс, Сайр уул, Хатуугын нуруу, Дарвийн нуруу, Хасагт хайрхан уулсад судлаачид, нутгийн иргэдийн бүрэлдэхүүнтэй 2 баг 2019 оны 4 сарын 6-наас 5 сарын 18-нд хийж гүйцэтгэв.
2017 оны тооллогыг янгир болон аргалийн ороо нийллэгийн үед буюу харагдах магадлал хамгийн өндөр үед Хос ажиглагчийн арга (Double Observer)-аар хийсэн. Энэхүү арга нь цоохор ирвэсийн идэш бологч уулын туруутан амьтдыг Энэтхэгийн хойд хэсэг Гималайн ууланд тоолоход амжилттай туршигдсан шинэ арга юм. Хос ажиглагчийн арга нь шулуун замналын тооллогын арга (Line Transect)-аар хийх боломжгүй өндөр уулын газарзүйн онцлогт тохирсон, хоёр ажиглагчийн харсан бодгалийн зөрүүнд үндэслэн бодгаль харах магадлалыг тооцсоноор популяцийн үндсэн хэмжээг нарийвчлалтай гаргах боломжийг олгодог.
Энэ аргыг Монголын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Conservation Foundation)-ийн судлаачид Монголын нөхцөл байдалд тохируулан зарим өөрчлөлт хийсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруунд энэ аргаар аргаль, янгирын тооллогыг амжилттай хийж байна. Энэ удаа Монголын Ирвэс Хамгаалах Сангийн өөрчилсөн арга зүйн дагуу дээрх судалгааг хийжээ.
Хос ажиглагчийн аргаар тооцоолоход янгирын популяцийн хэмжээ уул бүрт харилцан адилгүй буюу 69-1485 бодгалийн хооронд хэлбэлзэж байна. Янгир нь жигд тархан байршдаггүй буюу хад асга ихтэй нарийн ам бүхий уулын хэсгүүдэд бүлэглэн байршиж байгаа ажээ. Алтайн уулсын салбар уулс болох Дарвийн нуруу, Хасагтхайрханы янгирын популяцийн хэмжээ бусад уулын популяциас харьцангуй жижиг байв.