Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс худалдаалах үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРААР ЗАВЬТАЙ БОЛОН АВТОМАШИНТАЙ ЭРГҮҮЛ ХИЙНЭ
Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 2019 оны долоодугаар сарын 9-15-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй долоон худаг”, “Сүхбаатарын талбай”-д өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ. Хүй долоо худагт галын аюулгүй байдлыг шалгаж, зөрчил илэрвэл газар дээр нь арилгах арга хэмжээг авч ажиллана.
НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ 24 цагаар бэлэн байдалд үүргээ гүйцэтгэж ажиллана. Мөн 8 ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийх юм. Усны эргүүлийг мөн 24 цаг хийнэ. Ард иргэддээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
-ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛУУЛНА-
Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч байнгын хяналт шалгалт хийж ажиллана. Энэ баяр наадмаар нийтдээ 610 худалдаа үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл өгсөн.
Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан сэжигтэй бүтээгдэхүүнээс дээж авч шинжилж шалгана. Өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина. Зөвлөмжийн сургалтыг энэ сарын таванд зохион байгуулахаар болсон. Уг сургалтаар зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүнийг зориулалтын газар зарж борлуулах, мөн хориотой эм, архи согтууруулах төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдахгүй байх зөвлөмжийг өгч ажиллана.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт хоол болон худалдаа үйлчилгээ газрууд ажиллана. Үүнд дүүргүүдэд хоолны үйлчилгээ тогтмол эрхэлдэг ААН-үүдэд зөвшөөрөл олгосон. 6-р сарын 18-аас 29-нийг хүртэл хүсэлтийг хүлээж аваад сонгон шалгаруулалтыг хийсэн.
Хүй долоон худагт 310 цэгээр худалдаа үйлчилгээ явагдана. Үүнээс 160 цэгт нь хуушуур буюу хоолны зориулалтаар үйл ажиллагаа явуулна.
Монгол наадам цогцолбор Соёлын хариуцаад 45 хөдөлгөөнт тоглоом, 50 бэлэг дурсгал, соёлын бараа борлуулах, халуун кофе цай, ус ундаагаар үйлчлэх таван цэгийн зөвшөөрөл олгож зохион байгуулахаар ажиллаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуур зарах зөвшөөрөл 20 мянган төгрөг, Хүй долоон худгийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Хоол үйлдвэр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл буюу хуушуурын зөвшөөрлийг зөвхөн ААН-үүдэд олгосон. Хоолны хордлого, эрүүл ахуйн шаардлага хангах зэрэг хариуцлагын асуудлыг бодолцож ААН-ийг сонгосон.
Харин бэлэг дурсгалын зүйл үндэсний хувцас, гар урлалын зүйл зарж борлуулахад зарим иргэдийн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл олгосон. Баяр наадмын үеэр хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана.