Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж, зүрхэнд дурсамж үлдээж, өнөөдрийг хүртэл хүн бүрийн сэтгэлийг хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй “Харш” хамтлаг гэдэгтэй маргах хүмүүн үгүй биз. Тэр дундаа гоцлол дуучин С.Баасандорж урлагийн ертөнцөд 30 жилийн турш өөрийн хөг аялгуу, уран бүтээлээрээ ялгарч чадсан уран бүтээлч. “Харш”-ийн Бааскаг өнөөдөр тэр үеийнхэн төдийгүй өнөөгийн залуус ч андахгүй.
“Хос залуус”, “Шар цэцэг”, “Хавар”, “Би яг ийм” гэх мэтчилэн 1000 жилд дуурсагдах сэтгэлд хоногшсон дуунууд нь өнөөдрийг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин дуулагдсаар. Тэр утгаараа энэ сайхан уран бүтээлч бол яах аргагүй Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг хүртэх цаг нь болсон гэдгийг хэн хүнгүй хэлэлцэж байна.
Орчин цагийн урлагт шинэ урсгал, шинэ өнгө төрхүүдийг бий болгосон, мөн олон улсад эх орныхоо нэрийг дуурсган буй залуу уран бүтээлчдээ харамгүйгээр урамшуулан гавъяа шагналыг нь хүртээж байгаа нь сайшаалтай. Гэвч нэгэн цаг үед Монголдоо эстрад урлагийн түүхийг анхнаас нь бичилцэж ирсэн уран бүтээлчдийн гавъяа түүнээс ч дутахааргүй их ээ. Гавъяагүй гавъяат ч манайд олноороо төрсөөр байгаа энэ нийгэмд нүдээ олсон шагналыг нүүр бардам хүртээхийг эрх бүхий албан тушаалтнуудын сонорт хүргүүлэхээр эгэл түмэн уламжилж буй нь энэ.
Урлаг бол амьдралыг өнгөлөг өөдрөг болгож, хүнд амьдралын баяр баясал, амьдрах эрч хүч хайрлаж, уйтгар гунигийг тайлж, урам зориг төрүүлэн урагш алхаж, өөдлөн дэвжихэд хөшүүрэг болдгоороо нийгэмд “локомотив” зүтгүүрийн үүрэгтэй, энэ буулганд уран бүтээлчид л орж зүтгэж, урагшлуулдагийн учир уран бүтээлч нь нийгмийн зүтгэлтэн юм гэдэг. Тэгвэл нийгэм өнөөдөр “Харш” хамтлагийн дуучин С.Баасандоржийн гавъяаг үнэлэх цаг нь болсныг ийнхүү сануулж байна. Тэрээр XX зууны сүүлчээс өнөөдрийг хүртэл сонсогчдыг байлдан дагуулж тодоос тод эгшиглэж чадаж буй цөөн хэдэн дуучдын нэг мөнөөс мөн билээ.