Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа аймаг, хотын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг 2019 оны зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Дорнод аймгийн прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын хооронд хоёр улсын хил дамнан урсах Халх гол, Хэрлэн гол, Буйр нуурын эко системийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан юм.
Энэхүү уулзалтанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Жэн Жин Цунь, Орчуулгын газрын дарга Хө Ши Гө, Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурор Жан Шяо Хун, Хөх Хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Цао Зи Ган, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга Зүүн хошууны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Тү Бү Шин, Шинэ Барга Баруун хошууны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор н.Мөнхжаргал, урилгаар Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Ц.Батболд, холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэвжав нар оролцов.
Мөн уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зочдыг хүлээн авч хүрээлэн байгаль орчныг хоёр аймгийн хэмжээнд хэрхэн хамгаалж ажиллах талаар харилцан санал солилцсон юм.