Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 10 цаг 16 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин болон ажлын хэсгийн зарим гишүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Батболд нарын асуултад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт өгсөн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүний асуултад өгсөн хариултдаа, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байхаар төсөлд тусгагдсан нь шинээр татвар тогтоох гэж байгаа асуудал биш, татварын хувь хэмжээг тогтоох эрх нь одоо ч орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь иргэдийн хүсдэг, байнга яригддаг асуудлын нэг. Харин дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх асуудлын тухайд нээлттэй үлдээгээд ажлын хэсгийн хүрээнд томьёоллыг дахин ярилцахаар болсон. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан тохиолдолд бүрэн эрхийн үлдэх хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор тусгагдсан заалтыг төслөөс хасахаар болж байгаа гэдгийг хэллээ.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин: Өнгөрсөн сарын 28-нд бүлгийн гишүүд цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийн 20 заалт дээр иргэд ямар саналтай байгаа талаар орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийн санал бодол, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналтай танилцаж ярилцсан. Энэ үеэр гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдийн олонх нь дэмжиж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг хэлцгээсэн. Энэ дагуу дараагийн төлөвлөгдсөн ажлууд хийгдэж, ажлын хэсгийн хүрээнд төслийн томьёоллыг нарийвчлан боловсруулах, иргэдийн саналыг тусгах талаар ярилцаж шийдээд явж байгаа. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж ойлголцох, саналыг нь авах асуудлыг өмнө нь ч хийж ирсэн, одоо ч хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд МАХН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа ирүүлсэн. Хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд энэ ажил эрчимтэй хийгдэх байх гэдгийг хэллээ.
Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналын дагуу санал хураалтыг гар өргөж илээр хурааж шийдвэрлэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “тогтолцоо,” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”. “3.Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг, аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд, харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилно.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.” гэснийг хасах санал гаргасан нь дэмжигдсэнгүй.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуульд нам, эсхүл иргэн бие даан нэр дэвшүүлж оролцоно” гэсэн агуулгатай өгүүлбэр нэмэх, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан,” гэснийг “Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, анхан шатны буюу давж заалдах шатны шүүхэд зургаагаас доошгүй жил ажилласан,” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин таван нас хүрсэн” гэснийг “тавин нас хүрсэн” гэж өөрчлөх санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарласан юм. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтаар, дараа нь гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад аль аль нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс төслийн заалт болон гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалгахад мөн л аль аль нь олонхын дэмжлэг авсангүй. Ингэснээр энэ санал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед эцэслэн шийдвэрлэгдэх юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.