Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч, ёсоор болгосон байна.
Ерөнхийлөгч зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна. Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх хүсэлтүүдийг нэгтгээд эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах хуулийн зохицуулалттай юм.
Иргэншлээ солих шийдвэрийнх нь талаар Кекүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэж байр сууриа илэрхийлж байв.