НӨАТ-ын урамшууллын ebarimt.mn-ийн цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон, хэрэглэгчид материалаа гүйцэт бүрдүүлж, мэдээллээ шалгаж байхыг Татварын ерөнхий газраас анхааруулжээ.
Учир нь азтан болсон иргэд ebarimt.mn-ийн цахим системд мэдээллээ дутуу бүртгүүлэх, азтан болсон хэрэглэгчид материалаа дутуу бүрдүүлж өгөх зэрэг алдаа гаргасаар байгаа аж. Иймд азтан болсон иргэд дараах хоёр зүйлийг заавал хийх ёстой юм.
– 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орж ирнэ.
– 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт очих ёстой юм байна.
Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлнэ.
Иргэд гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон билээ. Тиймээс 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай юм.
Мөн Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа аж. Түүнчлэн гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай болжээ.