Монгол Улс Австралийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 9 дүгээр сарын 15-нд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь Австрали Улсын Элчин сайдын яамтай хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.
“Зөвшилцөл” танхимд “Эмэгтэйчүүдийн манлайлал, хүйсийн тэгш байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болж, цуврал арга хэмжээний салхийг хагалав.Уулзалт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар нээж үг хэлэв.
Уулзалт хэлэлцүүлэгт Австралийн Эмэгтэйчүүд, охидын асуудал эрхэлсэн Элчин сайд Шерман Стоун, Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар илтгэл тавьж, УИХ-ын гишүүд, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд оролцов.
Тус арга хэмжээний гол зочин Элчин сайд Шерман Стоун энэ сарын 2-4-ний өдөр Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж байна. Тэрээр Австралийн парламентад 20 жил ажиллахдаа Австрали, Монголын парламентын бүлгийн даргын албыг хаших зэргээр хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Илтгэгчид төр болон хувийн хэвшил дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих талаар Австралийн туршлага, хүйсийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн Монгол Улсын бодлого, хүйсийн тэгш байдал, хөгжлийн бодлого, төсөвлөлт болон эмэгтэйчүүдийн манлайллыг хангахад парламентын гүйцэтгэх үүрэг роль зэрэг сэдвээр илтгэл тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эх сурвалж: ГХЯ