Хуульч Б.Энхбаяртай ярилцлаа.
-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг албан ” ёсоор дэмжсэн. Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна уу?
-Шинэ Үндсэн хууль батлагдаад 27 жил болсон. Тэрний өмнө 1990 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэж анхны Ерөнхийлөгчийг парламентаасаа томилдог зүйл орж байсан юм.
Парламентаас томилогдсон анхны бөгөөд одоогоор сүүлийн Ерөнхийлөгч нь П.Очирбат гуай. Парламентаас сонгогдсон тухайн үеийн Ерөнхийлөгч аль нэг улс төрийн намыг дагаж намиралгүй, чухамхүү ард түмний эв нэгдлийн үүргээ нэр төртэй биелүүлж шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж батлуулахад жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Хувийн өмчгүй шахуу иргэдтэй, шинэ хуучин, хөгшин залуугийн талцал зөрчилд нэрвэгдсэн тэр хүнд он жилүүдэд томилсон намдаа ад үзэгдэн төрийн тэргүүний албан тушаал гэдэг нь аль нэг намын талд бус гагцхүү ард түмний талд байж л оршдог учиртай нь нотлогдсон үнэн болж төлөвшжээ.
П.Очирбат гуай дараа нь шинэ Үндсэн хуулийн дагуу нийт ард түмнээсээ сонгогдон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажилласан. 30 жилийн өндөрлөгөөс эргээд дүгнэлт хийгээд үзэхэд шинэ Үндсэн хуулийн дагуу бий болсон өнөөдрийн Монгол Улсад улс төрийн хувьд ч, эдийн засгийн агуулгаараа ч тэр хамгийн их асуудлын гол шалтгаан нь төр өөрөө болчихсон.
Өнөөдөр Монголд бүх болж бүтэхгүй асуудлын зангилаа нь төр нь болчхоод байна. Хаана авлигал, хаана тэгш бус байдал, хаана хууль үйлчлэхгүй байна, хаана шударга бус байдал байна гэдэг асуултын хариултын үзүүр бүгд төр лүү чиглэж байна.
Үнэхээр төр өөрөө хорт хавдар болсон бол төрийг өөрийг нь эмчлэх ёстой. Энэ нь нэг хүний толгой авснаар шийдэгдчихгүй. Асуудлын ужиг болоод байгаа төрийг эмчлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чиглэгдэх ёстой гэдэг нь ч тодорхой боллоо.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Их хурлын ажлын хэсэг 2008-2012 оны парламентын үед Ж.Сүхбаатар гишүүнээр ахалж байгуулагдаж байсан. Үүний дараа УИХ-ын дэд дарга Л.Цог, дараа нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж байгуулагдаад одоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж ажиллаж байна.
Найман жилийн хугацаа гэхээсээ илүү найм байтугай жилийн хугацаанд төрд болж бүтэхгүй асуудлын шалтгааныг мэдэж, хүлээн зөвшөөрснөөр гажгийг засахыг эрмэлзсэн үе үеийн улс төрийн зүтгэлтнүүд, судлаачид, ард иргэдийн санаа оноо шингэсэн санал хувилбар өнөөдөр хэлэлцэгдэж байна гэж ойлгож болно. Зөвхөн өнөөдөр гэнэт бий болчихсон төсөл гэж харж болохгүй юм л даа. Миний санаж байгаагаар аль 2011 онд Сү.Батболд дарга намын дарга, Ерөнхий сайд байхдаа улс төрийн есөн намын даргыг уриалж Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй болжээ гэдэг дээр санал нэгдэн үндэсний зөвшилцөл хийгдэж байсан.
Ж.Сүхбаатарын ахалсан төсөл нэлээд хашир үзсэн, алдаа эрсдэл бага гарахаар тооцсон сайн төсөл байсан. Энэ олон төсөл хувилбаруудаас миний хувьд зүтгүүлчхээсэй гэж их дэмжиж байсан хувилбар нь түрүүчийн парламентын үед Н.Батбаярын ахалж боловсруулсан төсөл байсан.
Хүмүүс мань хүнийг бөө гээд унтраагаад байсан болохоос яг өөр дээрээ галыг дуудаж шатахаас эмээлгүй, нэр хүнд нь унаж, дахиж сонгогдохгүй байх вий гэх эрсдэлээс айлгүй хийсэн гарцаагүй өөрчлөлт тэр дотор уг нь байсан юм л даа.
-Таны хувьд хуульчаас гадна иргэнийхээ хувьд ямар санал санаачилгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Энэ төслийг анх боловсруулагдаж Засгийн газраар хоёр удаа хэлэлцэхэд хоёуланд нь албан ёсоор санал дүгнэлт өгч оролцож байсан болохоор сайн мэднэ. Би чинь Засгийн газрын хуулийн гал тогоонд алба хашиж байсан хүн шүү дээ. Одоо энэ өөрчлөлтийн төсөлд Засгийн газраас өгсөн санал, дүгнэлтийг яамныхаа газрын дарга, мэргэжилтний хамт гардан хоёр жилийн өмнө бичиж Засгаар хэлэлцүүлж байсан юм.
Бараг тэр чигээрээ Улсын Их хуралд хүргэгдсэн. Нэг санал хасагдсанд их харамсдаг. Тэр нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэцээр хянуулдаг болгох ёстой гэдэг санал маань Ц.Нямдорж сайдаар дэмжигдээгүй. Одоо манайд хаана ч хэн ч хянадаггүй, ИТХ-ын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх эдэлдэггүй. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын хууль, Засгийн газрын шийдвэр бүгд хянагддаг байхад Иргэдийн хурал гэж байгууллагын Үндсэн хууль зөрчсөн шийдвэр л хянагддаггүй, төр иргэдийн хяналтаас гарчихсан байгаа. Ердийн хууль зөрчсөн шийдвэр захиргааны шүүхээр хянагддаг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн том зөрчил хянагддаггүй.
УИХ хянаж байя гээд хууль гаргасныг Цэц хүчингүй болгочихсон. Гэтэл Иргэдийн хурлууд маш их Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд санаатай, санаагүй гаргадаг.
Жишээлбэл, Булганд нэг сумын Иргэдийн хурал Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэр гаргаж ичгэвтэр байдалд орж байсан. Сүүлд 2014 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийн хувийн өмчийн газрыг 70 хувь нь зөвшөөрөх юм бол 30 хувийнх нь газрыг газрын суурь үнээр нь тооцож, буцааж төрд авах журам баталж хэрэгжүүлсэн.
Энэ бол Үндсэн хуульд заасан хүний хувийн өмчтэй байх үндсэн эрхэнд хуулиас гадуур халдсан Үндсэн хуулийн зөрчил байсан. Хувийн өмчийн газрыг буцааж төрд хурааж авах хууль Их хурал батлаагүй байхад нэг иргэдийн хурал журам гаргаад хэрэгжүүлсэн. Үндсэн хуулийн эрх зөрчигдлөө гээд би тэр үед Цэцэд хандсан ч ҮХЦ хүлээж аваагүй. Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг ҮХЦ хянана гэж Үндсэн хуульд байхгүй учраас гэж байгаа юм.
Захиргааны шүүхэд хандтал захиргааны шүүх ердийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцдэг болохоос Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцдэггүй гээд хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулиар хүн бүрт эрх тэгш олгогдсон тэр үндсэн эрхүүдийг ямар ч хамгаалалтгүй байх боломжийг Үндсэн хууль олгоогүй шүү дээ. Магадгүй аль нэг хилийн дагуух аймаг салан тусгаарлах үзэл гаргаж үүнийг нь дэмжсэн шийдвэрийг Иргэдийн хурал нь гаргачихвал яах вэ.
Тэгэхэд манайд хянадаг хууль байхгүй гээд төв Засгийн газар, төр нь зүгээр хараад сууж уу. Украинд саяхан хоёр муж нь Оростой нийллээ гээд явчихсан олон жишээ энд тэнд байна. Тийм учраас нэгдсэн нэг хуультай, нэг төртэй, нэгдсэн Монгол Улс гэж байгаа бол иргэдийн хурлын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэц хянадаг болох ёстой гэх өөрчлөлтийг заавал оруулах хэрэгтэй.
-Та болон Үндсэн хуулийн эрх зүйч. Хуульчид нэгдэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэгдмэл бодлого, санал санаачилга гаргахаар тогтсон байсан?
-Өргөн баригдаж байгаа төслийг харахад угтаа төрд бугшсан асуудлуудыг зохицуулах гээд байгаа юм. Гурван сая хүний нүдээр надад хамааралтай ямар өөрчлөлт байна гэдэг дээр асуултын тэмдэг байгаа. Хөндөх ёстой байсан нэг гол асуудлыг хөндөөгүй.
2004, 2005 оны үед санагдана, Х.Тэмүүжин иргэн байхдаа ҮХЦ-д хандсан. Үндсэн хуульд заасан иргэнийхээ үндсэн эрхийг зөрчигдсөн асуудлаар иргэн хүн ҮХЦ-д гомдол гаргах эрхтэй байх ёстой гэж. ҮХЦ үүнийг зөвшөөрөөгүй.
Иргэн хүн үндсэн эрхээ зөрчсөн асуудлаар Цэцэд гомдол гаргах эрх өнөөдрийг хүртэл хаалттай байгаа. Энэ эрхийг нь нээж өгсөн бол төрөө иргэн хянах маш том хөшүүрэг болох байсан. Төрийг төрөөр нь хянуулах л өөрчлөлт хийх гээд муйхарлаад үзээд байгаа.
Уг нь хамгийн бодитой, үр дүнтэй хяналт бол иргэн өөрийнхөө үндсэн эрхийг ҮХЦ-ээр хянуулах нь хамгийн том хяналт шүү дээ. Харанхуй шүүмжлэл хэрэггүй. Тийм учраас зарчмын хувьд хорт хавдар болоод буй асуудлаа зассан хэмжээнд энэ төслийг батлагдаасай гэж бодож байгаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дотор Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж байна гэх асуудлууд яригдаж байна. Манайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдлийг илүү тодотгож өгөх нь зүйтэй байсан гэж үзэж байна уу?
-Төр ялзраад, төрийн дээд байгууллагууд хоорондоо эрх мэдлээ булаалдаж хэрэлдээд бодитой ажил хийхгүй байх нь иргэдэд ямар ч ашиггүй. Гол асуудал нь манай улс 1992 оны Үндсэн хуулиар хоёр Ерөнхий сайдтай болчихсонд байгаа юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг. Нэг нь парламентад олонх болчихсон намын дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд байдаг. Нэг нь ард түмнээсээ мандат аваад сонгогдчихсон бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг.
Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөрчил, тэмцэл, эрх мэдлийн төлөөх тулааны горыг 20 гаруй жил амсаж байгаа. Сүүлдээ хэнтэй нь хариуцлага ярих нь мэдэгдэхээ больдог. Шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдсэний хариуцлагыг Ерөнхийлөгч нь Хуулийн сайд руу, Хуулийн сайд нь Ерөнхийлөгч рүүгээ чихээд л дуусаж байх шиг байна. Иргэд нь дагаад хоёр тал болоод байлдаж байх шиг. Хариуцлага эзэнгүйддэг хоёр Ерөнхий сайдтай болсны гор, төлөөс энэ. Үүнийг засах хамгийн зөв шийдэл нь ард түмнээсээ эрх олж авсан нэг л толгойтой болох явдал байсан.
Өөрөөр хэлбэл парламентад олонх нь болсон улс төрийн хүчин гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг эрх мэдлээ авсан шиг авч дараагийн сонгуульд дүнгээ тавиулдаг тогтолцоо бүх улсад явж байгаа.
Ерөнхийлөгчийн засаглалтай улсууд гэдэг хэрэг дээрээ гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу манайхаар Ерөнхий сайд л байхгүй юу. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болчих хэрэгтэй байсан юм. Парламент дахь өнөөгийн олонхын хүлээн зөвшөөрөгдөх бяр, барьцаалагдаагүй байдал манайд хараахан бүрдээгүй байна л даа. Хоёр Ерөнхий сайдтай байгааг засах гээд энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа 55-аас дээш настай хүнийг зургаан жилээр сонгоно гэдэг хагас алхсан гэх юм уу.
Бүтэн том алхаж чадахгүй учраас ядаж тал алхах гэж байгаа хэрэг. Бүхэлд нь буруутгахгүй байна. Аргаа ядсан л өөрчлөлт болох нь. Хөгшин настай хүн-60 гараад ирэхээр шуналгүй болчихдог гэж бурхны номд байдгийг би лав мэдэхгүй.
Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байгаатай санал нэг. Одоогийн насыг нь хендөх шаардлагагүй байх. Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгч хоёр удаа л сонгогдоно гэсэн зарчим бий. Энэ үзэл санааг энэ Үндсэн хуулийн өөрчлөлт гажуудуулахгүй биз гэсэн асуулт ямар ч хариултгүй байна. Энэ заалт 2025 оноос үйлчлэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр удаа сонгогдох эрхийг хөндөхгүй гэж байгаа нь туйлын зөв.
Гол нь 2025 онд Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа сонгогдох заалт Монгол Улсын өмнө нь сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч, одоогийнхтой нийлээд таван хүнд үйлчлэх үү гэдэг асуулт байна. Лав л хаалт алга.
Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 14 жил Ерөнхийлөгч байх боломж Үндсэн хуульд байна гэсэн үг үү. 1992 оны Үндсэн хуулийн Ерөнхийлөгчөөр нэг хүн хоёр л удаа ажиллана гэсэн үзэл санаагаа барьж дахин гуравдахаа сонгогдох боломжийг дагаж мөрдөх журмын хуулиар шууд үгүйсгэх ёстой гэж бодож байна. Уг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөд бүгд 2025 онд гурав дахь удаагаа нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдчихэд л болох асуудал л даа.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр Засгийн газар тогтвортой ажиллана гэж үзэж байгаа юм билээ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхий сайдыг огцруулахыг дараагийн Ерөнхий сайдыг томилохтой хамт шийдэх санал явж байгаа. Мэдээж Засгийн газрыг тогтвортой байлгах зорилгоор орж байгаа нэмэлт өөрчлөлт. Зарчмын хувьд зөв байх. Гэхдээ энэ өөрчлөлтүүд одоогийнхоо Үндсэн хуулийн үзэл санаа буюу хана хэрмээс гарах ёсгүй.
Одоогийн Үндсэн хуулийн гол үзэл санаа парламентад олонх болсон улс төрийн нам Засгийн газраа байгуулна гэсэн гол үзэл санаатай.
Парламентын олонх гэдэг УИХ-ын гишүүдийн кнопын олонх биш. Энэ хоёр өөр ойлголт. Парламентын олонх бол хамгийн олон суудал авсан нам. Энэ өөрчлөлт дээр их хурлын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах, нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан. УИХ-ын 19 гишүүнд намын харьяалал үл харгалзан Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхийг Үндсэн хуулиараа олгох гэж байна.
Үндсэн хуульд энэ эрхийг улс төрийн намд олгосон. Одоогийн Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас зарчмын хувьд эсрэгцсэн, зөрүүтэй өөрчлөлт орох гэж байгаа юм. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг хувь гишүүдэд олгох ёсгүй.
Ерөнхий сайдыг олонх болсон улс төрийн нам мэддэг байх ёстой. УИХ-д нам үл харгалзан нэгдэж, тооны хувьд олон болж байгаа хүмүүс үүнийг эдлэх ёсгүй. Тэд томилох, эс томилох эрхээ л хууль тогтоогчийнхоо хувьд эдлэх ёстой. Яагаад гэхээр нэр дэвшүүлсэн нам өөрөө дараагийн сонгуулиар тайлангаа тавьж, хариуцлагаа хүлээдэг учраас тэр.
Нэг Үндсэн хуульд хоёр өөр зөрүүтэй заалт байж хэрхэвч болохгүй. Төрийн хямрал үүсгэнэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэдгээ улбаалсан зарчмын асуудлыг гажуудуулах өөрчлөлтийг дэмжиж болохгүй.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заавал оруулж, тусгаж өгөх нь зүйтэй байсан гэх зүйлүүд юу байна вэ?
-Үндсэн хуульд гарцаагүй өөрчлөлт хийж засагдах зүйл болоод Үндсэн хуулийн өөрчлөлтөөр заавал засах шаардлагагүй, ердийн хуулиар шийдэх боломжтой зүйлс юу байна гэдгийг ялгах ёстой. Гарцаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөх дөрвөн асуудал байна.
Нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооны асуудал. Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудыг нээж өгөх ёстой. Сонгуулийн үндсэн мажоритар, пропорциональ, холимог гэсэн тогтолцоог манайх ярьдаг. Энэ дотроо задарвал 240 гаруй сонгуулийн тогтолцоо бий.
Гэтэл хэрэг дээрээ ҮХЦ-ийн дүгнэлтээс болоод тойргийг томсгох уу, жижигсгэх үү гэдэг хоёрхон сонголттой. Ингэхээр улс төрийн том бодлого явуулж болдоггүй. Намын сахилга бат байхгүй. Эрх барьж байгаа намын хариуцлагыг алдагдуулдаг. Хувь гишүүний популизмыг дэвэргэдэг.
Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгаж заах нь зүйтэй. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх тэр хэрээр өөрөө парламентад олонх болсон намын мөрийн хөтөлбөрийг толгойгоороо хариуцах заалтыг шингээж байгаа нь гурав дахь том дэвшил гэж харж байгаа.
Хамгийн сүүлд Ерөнхий сайд Засгийн газраас оруулсан төсөв дээр Их хурлын гишүүд тойрог руугаа дураараа шингээсэн төсөв хөрөнгийн эрхийг хязгаарлаж байгаа нь үнэхээр тогтвортой мөрдөж чадвал ихээхэн тустай гэж үзэж байгаа.
-Тэгэхээр энэ асуудлуудаас бусдыг нь заавал Үндсэн хуульдаа тусгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу?
– Бусдыг нь Үндсэн хуульд оруулах гарцаагүй хэрэгцээ шаардлага байна гэх итгэл үнэмшил төрөхгүй байна. Харин ч эргээд асуудал үүсгэх үр дагавартай гэж харж байгаа.
Бүгдийг нь яривал багтахгүй. Улс төрийн намыг хариуцлагатай болгох гэж байна гээд иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалт орж байгаа. Энэ заалт орсноор улс төрийн нам хариуцлагатай болчихно гэж бодохгүй байна. Гэтэл бид 1996 оноос хойш улс төрийн намын хуулиа огт шинэчлээгүй байгаа шүү дээ.
Их хурал хуулиар шийдэх ёстой зүйлээ огт хийгээгүй ужгируулсан. Хуулиар засах боломжтой асуудлыг огт хөндөөгүй хэр нь Үндсэн хуулиар оруулж хариуцлагаас зугтана гэдэг ойлгомжгүй асуудал.
Үндсэн хууль бол ердийн хууль биш улс төр эрх зүйн бичиг баримт гэж явдаг. Энэ бол үзэл санаа. Улс төрийн нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахгүй бол яах вэ. Мөн улс төрийн хүсэл зориг гэдэг үг яг юуг хэлээд байгаа юм. Үндсэн хуулийн нэр томьёо гэж тусдаа ойлголт байдаг. 1992 оны Үндсэн хуульд нийт “ард иргэдийн ашиг сонирхол” гэдэг нэр томьёо байдаг. Тэгвэл энэ шинээр орох гэж байгаа “хүсэл зориг” нь одоо хуульд байгаа ашиг сонирхол гэдгээс юугаараа ялгаатай юм. Үндсэн хуулийн нэр томьёо шууд тайлбарууд шаардаж эхэлнэ.
Улс төрийн нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг л илэрхийлээд бусад хүсэл зоригийг нь илэрхийлэхгүй юм уу гэх мэтээр. Цаашдаа хүсэл зориг илэрхийлээгүй намтай хэн хариуцлага тооцох юм. Улс төрийн нам Цэцийн хяналтад байдаг субъект биш.
Улс төрийн нам байгуулах, татан буулгахыг дээд шүүх шийддэг. Дээд шүүх Үндсэн хуульд хэрэв энэ заалт орвол үүнийг иш болгоод танай нам иргэдийнхээ улс төрийн хүслийг илэрхийлсэнгүй гээд улс төрийн намыг татан буулгахад Үндсэн хуулийг эшилж шийдвэр гаргаж байгаа гэх утгаараа хоёр дахь Цэц болчхож байна гэсэн үг. Улс төрийн намын талаарх зөвхөн энэ өгүүлбэрээс улбаалаа, Монгол Улс хоёр Үндсэн хуулийн шүүхтэй болчихно гэсэн үг.
Гинжин урвалаар хөөж үзвэл Үндсэн хуулийн нэг үг л ийм нөхцөл байдал, үр дагавар руу түлхдэг. Мөн УИХ хянан шалгах түр хороо байгуулна гэж байгаа. Одоо ч энэ заалт байгаа. Ердийн хуулиар ийм хороо байгуулах, хянан шалгах эрхтэй. Үүнийг ердийн хуулийн хүрээнд шийдэж болно.
-Шинэ Үндсэн хуулиар аймаг нийслэлд бус сум дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан. Мөн сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно гэж заасан байсан. Энэ тухайд?
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудалд хамгийн болгоомжтой хандах ёстой. Монгол Улс нэгдмэл улс. 1992 оны Үндсэн хуульд нэгдмэл улс байна гэж заасан. Нэгдмэл улсын гол шинж нь нэг хууль, төвлөрсөн удирдлагын зарчим. Төвлөрсөн удирдлага хүний нөөцийн болон өмч хөрөнгийг мэдэх нэгдмэл хэв шинжээр хангагддаг. Тиймээс Б.Чимид багш 1992 оны Үндсэн хуулийн нутгийн удирдлагын хэсэг дээр бие даасан өмчтэй байх, төв засгийн газраас огтын хамааралгүй удирдлагатай байх асуудлыг огт хөндөөгүй. Тэгж хөндөхөөс өөрөө ч айж байсан тухай ном. Ярилцлагад нь нэвт шингэж үлдсэн байдаг.
Орон нутгийг өмчтэй байлгахын чухлыг багш онцолж байсан ч үүнийгээ өмч хөрөнгийн ангилал. зориулалтаас хамааруулж ялгамжтай олгох ёстойг хэлж байсан. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно, Сум дүүрэг татвартай байна гэхээр сайхан сонсогдож магадгүй.
Шүүгчээсээ эхлээд бүх төрийнхнийг шууд сонгочихмоор. Хорооны цагдаагаа хүртэл. Э.Бат-үүл хотын дарга байхдаа цагдаагийн даргыг нэг сонгосон байх аа. Үндсэн хуулийн онцлог системийн онолын дагуу хийгдсэн байдаг. Төрийн зарим албан тушаалтныг ард түмнээс хүртэл харьцангуйгаар хараат бус байлгах шаардлага үүсдэг.
Шүүгчдийг иргэд сонгодог болъё гэвэл гэмт хэрэг хийж ял шийтгүүлж байсан нөхөд ч түүнийг сонгоход оролцоно. Яваандаа гэмт хэрэгтнүүдийнхээ барьцаанд орно. Төрийн нударга хатуу буух чадваргүй болно. Шүүгч хүн бүгдэд таалагдах гэж байдаг алиа салбадай биш. Нударга нь чанга, бас мэргэн бууж байх учиртай хүн.
Гэтэл сум, дүүргийн даргыг шууд ард иргэдээс сонгоод гаргаад ирэхээр том толгойлж, нэгдсэн төв Засгийн газартаа захирагдахаа болиод эхэлбэл яах вэ. Баахан 300 гаруй бяруу болоогүй бух, аавын цээжүүдээр дүүрвэл яана. Чингис хааны байгуулсан их эзэнт гүрэн ийм аавын цээжүүдээс болж баларч, задарч сүйдсэн биз дээ.
Дэлхийн улс орнуудын төрт улсын түүхүүдийг анзаараад үзэхээр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болоод ирэхээрээ салан тусгаарлах үзэл гаргаж ирсэн байдаг. Нийтийн өмчийн асуудал болох аль 1996 оны хуулиа ер цэгцлээгүй байж Үндсэн хуулиар тэдэнд өмчлөгчийн эрх өгнө гэдэг Үндэсний аюулгүй байдал талаасаа ч эрсдэлтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин