Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд хоёр сар болох гэж байна. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшийг туршиж, хэрэглэж үзэх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Бид энэ удаа нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар болон хэрэглэгчдэд ямар үнээр хүрч байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 600 мянган тонн шахмал түлш хэрэгтэй
Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг аж. Тэгвэл шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой гэдгийг албаныхан хэлж буй юм. Нийслэлчүүдийн өвлийн хэрэгцээнд нийт 600 мянган тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.
Сайжруулсан түлш хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр очих вэ?
Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50 хувь буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ гэдгийг албаныхан хэлж буй. Нөгөөтэйгүүр, шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөх юм. Мөн сайжруулсан түлшийг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн нүүрсний үнэтэй адил үнээр борлуулах юм байна. Тухайлбал, “Налайхын нэг ковш буюу 350 орчим кг нүүрс 50-60 мянган төгрөг байдаг. Харин нэг портер нүүрс уурхайн аманд 150-160 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид сайжруулсан түлшээ үүнтэй ижил буюу 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, энэ чиглэлээр бизнес хийдэг 20 мянга орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна гэдгийг “Тавантолгой түлш” компанийн СХД дэх гэрээт борлуулагчид хэлж байна.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин