Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг.
Тухайлбал, Өчигдөр л гэхэд “Туул” голд Дорнод аймгийн харьяат, иргэн Б живж амиа алдсан байна.
Тиймээс Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалахаар “Завьт эргүүл” ажиллуулж эхэллээ.
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагч, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар эргүүл хийж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Завьт эргүүл 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Түүнчлэн энэ сарын 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул:
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.