Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр Удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас захидал хүлээж авсан хэмээн мэдээлэв. Мэдээнд Ким Чен Ун захидлыг гайхалтай сайхан хэмээгээд сонирхолтой агуулгыг сайтар нягталж үзнэ гэдгээ илэрхийлсэн хэмээн дурдсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Умард Солонгосын удирдагчид Дональд Трамп захидал илгээсэн гэдгийг баталсан ч хэзээ, ямар замаар Пёньянд хүргэсэн талаар мэдээлээгүй байна.
Энэ сарын эхээр Трамп Ким Чен Унаас “сайхан захидал” хүлээж авсан талаараа сэтгүүлчдэд ярьж байдаг. Өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын нийслэлд болсон хоёр удирдагчийн уулзалтаас хойш Америк-Умард Солонгосын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон бөгөөд өнөөдөр хоёр орны харилцааны гол хэрэгсэл нь захидал болоод буй аж.
Вашингтон Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах хүртэл эдийн засгийн хоригоо суллахгүй гэсэн байр суурьтай байгаа бол Пёньян хоёр талаас алхам алхмаар буулт хийх санал тавьж байгаа гэдэг.
Гэхдээ сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчийн талаар ам сайтай байгаа нь цөмийн яриа хэлэлцээнд ахиц гарч байгааг харуулж байж магадгүй юм.
Эх сурвалж: BBC