УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусаас нь албадан нүүлгэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар 2014-2016 онд ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хаус авсан байдаг юм. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч тухайн байрандаа амьдарч байгаа аж. Улмаар өнгөрсөн онд түүний эзэмшлийн хаусыг УБТЗ-ын мэдэлд өгөх шүүхийн шийдвэр гарсан. Харин Л.Пүрэвбаатар нь тэрхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч гурван шатны шүүхийн шийдвэрээр хаусыг чөлөөлөхөөр болжээ.
ШШГЕГ-ынхан байр чөлөөлөх ажлыг өнөөдөр гүйцэтгэж байна гэсэн мэдээллийг тэрээр үгүйсгэсэн байна. Түүний тайлбарласнаар УБТЗ нь Баянгол дүүрэгт харъяалагддаг тул Баянгол дүүрэгт байршилтай байраар хангатал нүүлгэлтийг хойшлуулсан гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Түүнд албадан нүүлгэх тухай албан бичиг ч ирээгүй гэж хэвлэлд тодруулга өгчээ.
“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар өнгөрөгч дөрөвдүгээр сард хэвлэлийнхэнд “Намайг сайн ажиллавал энэ орон сууцаа өөрийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрсөн ТУЗ-ийн даргын шийдвэр надад байгаа. УБТЗ төрийн өмчит байгууллага учраас Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай хийсэн контракт гэрээ байгуулсан. Тус гэрээг прокурор шалгаад үнэн зөв байна гэсэн акт гаргасан. Шүүхийн шийдвэр “Та энэ орон сууцыг өгчих. Харин УБТЗ танд үр дүнгийн шагналд байр авч өгөх ёстой юм байна. Энэ нь нотлох баримтад үндэслэгдсэн” гэж гарсан. Би тэр байрыг аваад одоогийн байраа чөлөөлж өгөх гээд хүлээгээд байж байна” гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Харин “УБТЗ” ХНН-ийн зүгээс мэдээлэл хийхдээ Л.Пүрэвбаатар нь ажил олгогч буюу Ерөнхий хороотой контракт гэрээ байгуулалгүйгээр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай контрактын гэрээг хууль бусаар байгуулсан. Тухайн үед Д.Цогтбаатар гэдэг хүн түр орлон гүйцэтгэгч буюу УБТЗ-ыг төлөөлөх эрхгүй этгээд байсан. Харин Л.Пүрэвбаатар гэрээнд заасан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн байна хэмээн үзэж хугацаанаас нь өмнө контракт гэрээг цуцалж, ажлаас нь халсан. Ажлаас халсан тохиолдолд ажил олгогч албаны орон сууцаар хангаж байсан бол орон сууцаа буцаан авах эрхтэй байдаг. Гэтэл Л.Пүрэвбаатар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан” гэсэн мэдээллийг өгсөн байдаг.
Мөн Л.Пүрэвбаатар нь УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр Лексус-570 автомашин худалдан авч, буцаагаад УБТЗ-д зарсан асуудал нь АТГ-т шалгагдаж байгаа юм байна.