Пёньянд айлчилж буй БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Чен Унаас АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүссэн гэж CCTV мэдээлжээ.
Цөмийн зэвсгийн асуудлаар АНУ, БНАСАУ яриа хэлэлцээрээ үр дүнтэй үргэлжлүүлнэ гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд Солонгосын хойгийн асуудалд ахиц дэвшил гарч, дэлхий нийтийн талархлыг хүлээсэн билээ гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн Умард Солонгосын удирдагчийн тогтвортой, аюулгүй байдлыг Хятад Улс батлан даана гэдгээ илэрхийлжээ.
Хариуд нь Ким Чен Ун сүүлийн жил гаруй хугацаанд маш олон ахиц дэвшил гарсныг дурдаад гэхдээ холбогдох талаас идэвх санаачилга гарахгүй байгааг Ши Жиньпинд дуулгажээ. Энэ нь АНУ-ын засаг захиргааг хэлсэн үг гэдэг нь тодорхой байна хэмээн олон улсын хэвлэлүүд дурджээ.
Ким Чен Уны эцэг, өвөг эцгийн занданшуулсан шарил хадгалагддаг Пёньяны Кумсусаны ордонд болсон Хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалт Хятад болон Умард Солонгос улсын аль аль нь Дональд Трампын засаг захиргааны шахалт дарамттай тулгарсан цаг үед болж байна.
БНХАУ-ын даргын айлчлал өнөөдөр өндөрлөнө. Ирэх долоо хоногт Японы Осакад болох “Их 20”-ын чуулган дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах Ши Жиньпин энэ удаа Хятадын Төрийн тэргүүний хувиар анх удаа Умард Солонгост айлчилж байгаа юм.