УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” бүлгээс өнөөдөр шүүх байгууллагын эсрэг тэмцэхээ мэдэгдэж мэдээлэл хийлээ. Энэ нь шүүхэд шинэтгэл хийх нь зөв гэсэн байр суурьтай иргэдэд таатай мэдээ мэт боловч нөгөө талаар хууль зөрчсөн үйлдэл болохоор байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бидний дараагийн тэмцэл бол шүүхийг өөрчлөх. УИХ-ын таван гишүүн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Авлигад идэгдсэн Монголын шүүх байгаа цагт шударга ёс хэзээ ч ирэхгүй нь. Шүүгч нарыг өөрчлөхөөс өөр аргагүй гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мөн хэлсэн үгэндээ хууль бус ажиллагааг хамгаалдаг шүүхийн байгууллагад цэвэрлэгээ явуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг дурдлаа. Олны анхаарал татсан томоохон хэргүүдийг хуулийн байгууллагууд нь тогтоогоод шүүхэд шилжүүлсэн байгаа ч шүүхийн шийдвэрийг хүлээлгүй шүүхэд реформ хийх нь зөв гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд өнөөдөр ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандан Ц.Цогт, Х.Идэр, М.Батсуурь, Ц.Зориг нарыг нэн даруй өөрчлөх шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. Томоохон хэргүүдийг шийдвэрлэхээс өмнө шүүхэд нөлөөлөх гэж буй тэдний үйлдлийн цаана ямар нэгэн өөр санаархал бий эсэх хардлагыг ч эндээс гаргаж ирж болох юм.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын тулд шүүх байгууллагынхантай тэмцэхээ мэдэгдлээ. Тэрээр Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарт оноосон ялыг шүүх цуцлах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын хоёр иргэнийг гэм зэмгүй гэдгийг нотлоогүй бол яах байсан юм бэ. Бидний хувьсгал хангалттай үр дүнгээ өгсөн. Өчнөөн олон стратегийн орд, өчнөөн олон ард түмнээс хууль бусаар авсан газар, өчнөөн олон хэлмэгдэл, бизнесээ булаалгасан олон бизнесмэнүүд гээд Монголын ард түмний нуруу тэнийж байна. Гэхдээ үүний цаана шүүх үхлийн цохилтыг өгөх гэж байна. Тэгэхээр бид шүүхтэй халз тулж үзнэ. Шүүхийн өмнө жагсаал, цуглаан хийнэ” гэлээ.
Хууль батлалцдаг эрхэм түшээд ингэж хууль бусаар шүүх эрх мэдэлд хүч нэгтгэн нөлөөлөхөөр шийджээ. Ингэхдээ бид хүлээж тэвчихгүй нь гэж хэлж байсныг тодотгоё.
Хэрэв эгэл ард шүүхийн өмнө эсэргүүцэл үзүүлбэл яах бол? Шүүхий шийдвэр эсрэг гарах нь тодорхой гээд шүүгчдэд ийм байдлаар нөлөөлөхийг завдвал Төр ямар нүүрээ үзүүлэх нь тодорхой.
Шүүхийн тухай хуульд:
27 дугаар зүйл.Шүүхийн улс төр, хууль зүйн баталгаа
27.1.Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.
30 дугаар зүйл.Шүүхийн аюулгүй байдлын баталгаа
30.1.Шүүхийн байр төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.
Тэгвэл шударга ёсны төлөө нэгдсэн гэх таван гишүүн хууль бус үйлдэлд ч мөн ийнхүү нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Энэ үйлдлээрээ шүүхэд ингэж нөлөөлж болно гэсэн үлгэр дуурайллыг ард түмэнд үзүүлэх вий гэсэн асуудал байгааг бодолцох хэрэгтэй юм.