Улс төрчдийн дунд “ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн хичээл зүтгэлийг үнэлэх зорилгоор” гэж тодотгож байгаа ч цаагуураа тойргийнхоо иргэдэд мөнгө тараах шинэ хувилбарыг үүгээр дэлгэв бололтой.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тэргүүлдэг “Төрөлх-Алтай” ТББ-аас ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулахаа өнгөрсөн дөрөвдүгээр сард илэрхийлсэн.
Мөн ЭЕШ-даа хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд сар бүр 50000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох тухай мэдэгдсэн байдаг.
Тэгвэл түүний араас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг мөн л элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан тойргийнхоо хүүхдүүдийг 1.2 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Харин 750-799 оноо авсан хүүүхдүүдийг 800 мянга, 700-749 оноо авсан бол 500 мянган төгрөгөөр тус тус шагнахаар болсон байна. Өвөрхангай аймгийн Баруунбаян, Улаан, Баянгол, Баян-Өндөр, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан зэрэг сумдаас өндөр оноо авсан сурагчид дээрх урамшууллыг авах ажээ.
Тэдний араас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ч хоцрохоо мартсангүй. ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдэд 2 сая төгрөгөөр урамшуулахаа амлав. Урамшуулах мөнгөний дүн өссөн харагдана. Тэрээр энэ талаар, өөрийн пэйж хуудастаа “УИХ-ын гишүүн миний бие тойргийнхоо буюу Заг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумын Дуурсах 3-р баг, Гэгээншавь 6-р баг, Цагаанчулуут 5-р багийн #ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна” гэжээ.
Мөн 750-799 оноо авбал нэг сая төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 800 мянган төгрөгөөр шагнахаа мэдэгджээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Чойжилсүрэн Увс аймгийн иргэдэд 50 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгсөн гэнэ. Энэ мэтчилэн сонгууль болох нэг жилийн өмнөөс УИХ-ын гишүүдийн тойргоо тойглох давалгаа эхлэв бололтой.