Мьянмар улсын Мандалая хотноо зургадугаар сарын 9-19 хооронд зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Элит брайн” олон улсын шатрын академийн сурагчид, ерөнхий дасгалжуулагч Их мастер А.Энхтуулын хамт амжилттай оролцлоо.
Эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас зургаа хүртэлх насны ангилалд Н.Энхрийхэн стандарт буюу классик төрөлд 2-р байр, А.Энэрлэн рапид төрөлд 1-р байр тус тус эзлэн Монгол Улс Зүүн Өмнөд Азийн аварга болон дэд аваргатай болсон бол Их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд аварга болж, түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулжээ. Түүнчлэн багийн амжилтаар хоёрдугаар байрт бичигджээ.
Их мастер А.Энхтуулын хувьд өмнө нь Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн “шилдэг-30” шатарчдын шагнал авч байсан ажээ.