УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019.06.17) хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэснээ сэтгүүлчдэд мэдээллээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулиар 33 хувиас ихгүй өөрчлөлт оруулна гэж заасан. Тэгвэл МАН-ын бүлгийн зүгээс мэдэгдэж байгаагаар одоогоор 20 гаруй хувьтай байгаа юм байна. Өргөн баригдсан заалтууд дээр санал авах, бага зэргийн өөрчлөлт оруулах асуудал бий гэлээ.
Ерөнхий сайд, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзсан аж. Ерөнхийлөгчийн зүгээс болон АН-ын зөвлөлөөс тодорхой байр суурь илэрхийлж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн шатанд саналуудыг хэлэлцээд явах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байна.
Бусад улс төрийн намууд дэмжихгүй, Ерөнхийлөгчөөс санал аваагүй, АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хууль зөрчсөн зэрэг шүүмжлэлүүд нэлээд гарч буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үндсэн хуулийг нийгмийн зөвшилцлийн баримт бичиг гэж үздэг. Мөн Үндсэн хууль нь хамгийн эрхэм бодлогын баримт бичиг юм. Тийм учраас бүх улс төрийн намууд, төрийн бүх институтүүд ярилцаж, ойлголцох ёстой. Ийм учраас МАН энэ байр сууринаас хандаж байна. Үндсэн хууль дээр наймаа, тохиролцоо гэж байхгүй” гэлээ.