Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр суурь анх удаа яригдаж буй хэрэг биш. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, Монгол Улс засаглалын хямралаас гарахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн санаа хуульчид болон улстөрчдийн зүгээс сүүлийн 10 гаруй жилийн турш гарч байгаа юм.
Тухайлбал, 2014 онд болсон “Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг дээр М.Энхсайхан:
Үндсэн Хуулийн эрх мэдлийн институциуд хоорондоо зөрчилдөөд, асуудлаа шийдэж чадахгүй байгаа зүйл бол Үндсэн Хуулийн хямрал гэдэг ойлголтонд оруулах ёстой юм байна.
Үндсэн Хуулийн хямрал гэдэг бол хэвийн үзэгдэл. Харин засвар хийхгүй байгаа нь гамшиг юм хэмээн хэлж байв.
Нэг УИХ-ын сонгуулиас дараагийн УИХ-ын сонгууль хүртэл дөрвөн жилийн хугацаанд иргэдийг хамгийн их залхаадаг зүйл бол Засгийн газар огцрох явдал. Судалгаагаар сүүлийн 20 гаруй жилд нэг Засгийн газар дунджаар 1.8 жилийн хугацаанд ажилласан байдаг. Улс төрийн намуудын ашиг сонирхлын зөрчлийг гааруулдаг Засгийн газрыг огцруулах үйл явцыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр доор дурдсан байдлаар өөрчлөх санал бий.