Колумб улсын Картагена хотод энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын залуу энтрепренёруудын чуулга уулзалт”-ын үеэр “Говь Хан Уран” компанийн захирал Б.Мөнхсүрэн “Оны шилдэг залуу энтрепренёр шагнал”-ыг хүртсэн байна. Лондон хотноо төвтэй Youth Business International байгууллага нь залуусын бизнес эрхлэлтийг дэмжих замаар шинээр ажлын байр бий болгоход гол анхаарлаа хандуулан ажилладаг бөгөөд 2013 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Б.Мөнхсүрэн нь залуу бизнес эрхлэгчдийг дэмжих энэхүү санаачилгад хамрагдан бизнесээ амжилттай өргөжүүлж чадсан байна.
“Говь Хан Уран” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажлын хувцасны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогоор 10 малчин эмэгтэйг байнгын ажлын байраар хангадаг бөгөөд “Оюу толгой” компанид ажлын хамгаалах хувцас, баяжмалын дээжийн уут зэргийг ханган нийлүүлдэг байна.
Анх “Оюу толгой” компаниас зохион байгуулсан оёдлын сургалтад хамрагдсан бүсгүйчүүд хамтран тус компанийг байгуулахаар шийдсэн бөгөөд “Оюу толгой” компаниас 70 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивласнаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Жилдээ 40,000 гаруй ажлын хувцас, баяжмалын дээжийн уут үйлдвэрлэх хүчин чадалтай болтлоо бизнесээ өсгөсөн амжилтаараа тус шагналыг хүртсэн байна.