Энэтхэгийн Засгийн газар АНУ-ын 28 төрлийн импортын бараанд өндөр татвар оноож эхэлснээ зарлажээ. Энэ нь Дональд Трампын засаг захиргаа тус улсын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд өндөр татвар оноосны хариу арга хэмжээ аж.
Энэтхэгийн тал ийм хариу барихаа жилийн өмнө зарласан ч хоёр орны хоорондын худалдааны хэлэлцээрийн үр дүнг хүлээн хойшлуулаад байсан юм. Дональд Трамп зургаадугаар сарын эхээр тус улсад хөнгөлөлт үзүүлэх худалдааны гэрээнээс гарч байгаагаа зарласан нь Энэтхэгийн Засгийн газрыг хариу арга хэмжээ авахад хүргэсэн бөгөөд ингэснээр АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүн 70 хувийн татвар төлөхөөр болжээ.
Өндөр татвар төлөх таваарт бүйлсийн самар, алим зэрэг хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн орж байгаа аж. Энэтхэгийн Сангийн яам энэ шийдвэрээ “ард түмний ашиг сонирхол” хэмээн тайлбарласан байна.
Хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 142 тэрбум долларт хүрсэн нь 2001 оноос хойш долоо дахин өссөн аж. АНУ худалдааны гэрээнээс гарснаар импортын татваргүй нийлүүлэгддэг байсан бүтээгдэхүүнүүд татвар төлөхөөр болж байгаа юм.
Вашингтоны зүгээс Энэтхэгийн талд Иранаас газрын тос авах, Оросоос зэвсэг худалдаж авсан тохиолдолд бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ хэмээн сүрдүүлж байсан. Гэхдээ Дональд Трампын засаг захиргаа гадаад худалдааны алдагдлаа бууруулахын тулд дэлхийн олон оронтой худалдааны нөхцлөө өөрчилж байгаа аж.
Эх сурвалж: BBC