Mercer рейтингийн албаны мэдээллээс үзэхэд Данийн тэтгэврийн систем дэлхийн хамгийн шилдэгт ордог. Учир нь Данийн ямар ч иргэн тэтгэвэрт гарахдаа цаашид ажилгүй яаж амьдрах вэ гэж санаа зовох шаардлагагүй. Өчүүхэн орлоготой, эсвэл огт ажил хийж үзээгүй хүн ч тэтгэвэрт гардаг гэдгээрээ давуу талтай.
Хэрхэн ийм тэтгэвэр бий болов?
Данийн тэтгэврийн систем улсын тэтгэмж дээр тэтгэврийн сангийн төлбөр гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг.
Улсын тэтгэмж гэдэг нь нийгмийн тэтгэмжийн сонгодог хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бүхий л насаараа их мөнгө олж, банкинд их хэмжээний хадгаламжтай болсон хүн бага хэмжээний мөнгө авна. Харин бага ажил хийж байсан, огт хурааж хуримтлуулж байгаагүй бол эндээс их мөнгө авдаг.
Төрийн тэтгэмж нь ядуурлаас зайлсхийхэд тусалдаг бол тэтгэврийн сангийн тэтгэмж нь хөдөлмөр эрхлэх үеийн орлоготой пропорциональ хамааралтай байдаг.
Хэрвээ тухайн хүнд тэтгэврийн хуримтлал байхгүй бол үндсэн тэтгэвэр дээр нэмэлт авна. Ганцаараа амьдардаг хүмүүст энэ мөнгө нь ойролцоогоор 18000 орчим дани крон буюу 2800 орчим америк доллар олдог. Энэ мөнгөнөөс тодорхой хэмжээний татвар төлдөг нь сонирхолтой. Гэхдээ л үүгээр элбэг хангалуун амьдарч дөнгөнө.
Данид өндөр настнуудын дунд ядуурал бараг байдаггүй. Нас дээр гарсныхаа дараа энэ улсад цагаачилж ирсэн хүмүүс л улсын тэтгэмжээс багахан хувь хүртэж, ядуу тарчиг амьдрах магадлалтай.
Тийм ч баян биш, дундаж дани хүний тэтгэвэр хөдөлмөрийн орлогынх нь 65-70 орчим хувьтай тэнцдэг.
Үүнээс гадна тэтгэврийн насныхан олон хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал байрны түрээсийн мөнгөний тодорхой хувийг улсаас төлж, эмнэлгүүд үнэгүй үйлчилдэг.
Эмчийн үзлэг, эмчилгээ үнэгүйгээс гадна эм бэлдмэлийг орлогоос нь хамааруулаад хямдралтай олгоно. Тэтгэврийн хүмүүс энгийн зарлагаасаа татгалзахгүйгээр л шаардлагатай эм тариагаа авчихна.
Данийн тэтгэврийн системийн хоёр дахь чухал элемент нь хуримтлалын хөтөлбөр юм. Жишээ нь, та хувийн компанид ажилладаг бол таны цалингийн 12 хувь тэтгэврийн санд төвлөрдөг гэсэн үг. Үүнээс 4 хувийг нь та өөрөө төлж, 8 хувийг нь ажил олгогч гаргана. Хувийн бизнес эрхлэгчид, компанийн эзэд хуримтлалын гэрээ байгуулахгүй байх эрхгүй байдаг.
Данид өдгөө эр, эм гэлтгүй бүгд 65 насандаа тэтгэвэрт гарч байна. Саяхнаас тэтгэврийн насыг 67 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэвч наслалт нэмэгдэж байгаа болохоор тэтгэврийн насыг нэмлээ гээд хүмүүс бараг эсэргүүцдэггүй байна.