Ардын язгуур урлагийг түүчээлэн энэ үед дэлхий дахинаа цуурайтуулах чинхүү зорилго бүхий “Бөртэ” хамтлаг шинэ уран бүтээлээ өргөн барилаа. Тус хамтлаг нь 1999 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эх түүх, өв соёлоо хөгжмийн хэмнэлээр түгээн дэлгэрүүлж явна.
Тэдний “Алтай” хэмээх шинэ уран бүтээлд дэлхийд алдаршсан бүргэдчин Айшолпан охин аав Нургаевын хамт тогложээ. Энэхүү клипийг хийхэд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулагдсан аж. Тэр ч утгаараа сонсогч, үзэгчид байгалийн сайхныг бишрүүлж, эерэг энерги түгээсэн сайн уран бүтээл болж хэмээн сайшаан магтаж байна.
Хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв “Монголын минь баруун хязгаар, тэр тусмаа Алтай таван богдын савслагад шим газарт очоод мэл биширч, цэл сөгдөж байгаад ирэв. Ядаж байхад Алтайн хар тарвага нь хүндэтгээд байна уу, доромжлоод байна уу гэлтэй үүд хойморын зайд хадан орон дээр тэрийн хэвтээд наралчих юмаа. Айж хөдлөх ч үгүй хэрнээ Алиа хонгорын ивээлд амар амгаланг мэдрүүлэн хөлөө арай ачихгүй ч нүдний булангаар маниусаа цоо ширтээстэй. Ид цас борооны үеэр очсон ч дуу хуур, магтаалаар дутагдсан Хөх Алтай хөшгөө нээж байгаль эхээрээ гайхуулан өдрийн нарыг бидний уран бүтээлд харамгүй хайрлав. Баян-Өлгийгөөс буцсаны дараа ёстой нэг хур бороогоор бялбасан талаар эрхэм андуудаас сонсож байлаа. Бөртэ хамтлаг эх орноо бүрэн бүтнээр нь хайрлаж яс үндэс, угсаа гарвалыг үл ялган Монголын их өв соёлыг олон улсад танилцуулж ирсэн эцэг хамтлагуудын нэг. Тэр ч үүднээс Алтайн дуу хууранд бүргэдийн соёлыг оруулахыг зорьсон нь бидний уран бүтээлийн шийдэл юм” хэмээн тайлбарыг илгээсэн байдаг юм.
Харин нэгэн сонсогч тэдэнд хандаж ийм шүүмжлэлийг хүргэсэн байна.