Тэтгэврийн систем дэлхийн бүх оронд байдаг хэдий ч хүн ам нь бүхэлдээ энэ системд хамрагдаж чаддаггүй улс цөөнгүй бий.
Энэтхэг
Энэтхэгт хүн амын ердөө 12 хувь нь л тэтгэвэр авах боломжтой. Өндөр насны баталгаанд орсон ийм азтай хүмүүс нь төрийн алба хаагчид. Тэд ихэвчлэн 60 насандаа тэтгэвэртээ гардаг. Тэтгэврийн хэмжээ нь 2000 рупий буюу 80-аад мянган төгрөгөөс хэтрэхгүй. 2004 оноос хойш тус улсад нийгмийн шинэчлэл явуулж, тэтгэврийг хоёр хэсэг хуваахаар болжээ. Энэ нь ажил олгогчид албан татвар ногдуулж, сайн дурынхнаас ч шимтгэл авахаар болсон. Одоохондоо үүний үр харагдахгүй, Энэтхэгт ажил эрхлэгчдийн нэг хувь нь л хамрагдаж байна.
Хятад
Хятадад 1995 онд тэтгэврийн нийтийн шинэчлэл эхэлсний үр дүнд өдгөө хүн амын 60 хувь нь (өмнө нь 5,4 хувь байсан) тэтгэвэр авах боломжтой болж байна. Үлдсэн 40 хувь нь нийгмийн бүрэн дүүрэн хамгаалалтын талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ бүхэн иргэдийг хотын иргэд ба төрийн албан хаагч гэж хоёр ангилсан тэтвэрийн системийн бүтэцтэй холбоотой.
Эрэгтэйчүүд 60 наснаасаа, эмэгтэйчүүд хөдөлмөрийн хүнд хөнгөнөөс шалтгаалан 55, эсвэл 50 насандаа тэтгэвэртээ гарна. Тэтгэврийн санги ажил олгогч болон хувийн татвар шимтгэлээр бүрдүүлдэг. Тэтгэврийн дундаж хэмжээ 2300 юань буюу 883 мянга орчим төгрөг.
Харин орон нутгийн иргэд болон хотын ажилчид зөвхөн хөгширсний тэтгэмж л авах боломжтой. Үүнийг орон нутгийн төсвөөс гаргадаг. Доод тал нь 127 юань буюу 50-иад мөнгөн төгрөг авдаг нь хоол ундандаа ч хүрэлцдэггүй аж. Хятадуудын 20 хувь нь тэтгэврийн нэг ч хөтөлбөрт багтаж чаддаггүй байна.
Тайланд
1990-ээд оныг дуустал тэтгэврийг зөвхөн албан тушаалтнууд авдаг байв. 1998 онд Нийгмийн хангамжийн тухай хууль гарч, өдгөө тус улсын фирм бүр ажилтнууддаа татвар төлөх үүрэгтэй болсон. Үүний ачаар цалингийн гурван хувь нь тэтгэврийн санд очдог байна. Мөн улсаас төсвийнхөө нэг хувийг санд нэмэрлэнэ. Хөдөлмөрийн чадвартай иргэдийн 40 гаруй хувь нь албан ёсны цалингүйгээр ажилладаг. Үүнээс болж тэд хамгийн багадаа 700 бат буюу 56 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна.
Гамби
Тэтгэврийг 60-аас дээш насныханд олгоно. Гэхдээ төсвийн байгууллага, төрийн оролцоотой худалдааны фирмүүдийн ажилтнууд л нийгмийн сайн дэмжлэг авах боломжтой. Үйлдвэрлэлд ажилладаг, эсвэл хотод амьдардаг зарим ажилчид тэтгэвэр авах боломжтой ч хөдөө аж ахуйн салбарынхан, мөн хууль бусаар ажилладаг хүмүүс тэтгэвэр авна гэж саналтгүй юм. Гамби улсад тэтгэврийн системд иргэдийн 20 хувь нь л хамрагддаг байна.
Гана
Гана улсын тэтгэврийн системийг Үндэсний даатгал, нийгмийн хамгааллын сан төлөөлдөг. Энэ байгууллага хувийн болон төрийн байгууллагуудын ажилтнууд, худалдаачид, фермерүүд, жижиг дунд бизнесийн эзэд гээд бараг ихэнхтэй нь хамтран ажилладаг. Харин тэтгэврийг цэрэг, цагдаа, зарим албан тушаалтнууд л авдаг байна. Ингээд ажил эрхэлдэг хүн амын 10 хувь нь л тэтгэвэр авч, үлдсэн нь өтөл насандаа төрөөс ямар нэгэн дэмжлэггүй амьдардаг.
Кени
Тус улсад нийт ажлын хүчний 15 хувь нь тэтгэвэр авдаг. Хөгшрөөд тэтгэвэр авах эрхтэй олонх ажилчид тэтгэврийн 55 нас хүртлээ амьдарч чадалгүй, ХДХВ-ээс болж эрт нас бардаг байна.
Нигер
Нигерт албан ёсоор тэтгэврийн систем байдаг боловч бодит байдал дээр огт байдаггүй юм. Хүн амын ердөө гурван хувь нь л өтөл насандаа тэтгэмж авдаг. Тэтгэврийн насыг 55 гэсэн түвшинд барьдаг. Гэтэл тус улсад хүн амын дундаж наслалт 52 байдаг. Үүн дээр нэмэгдээд Нигерт бараг бүх хүн хууль бусаар ажилладаг болохоор ямар нэгэн тэтгэмж авна гэж ярилтгүй.
Ботсван
Ботсваны тэтгэврийн систем 1996 онд бий болсон. Энэ системийн хүрээнд иргэд улсын төсөв, ажил олгогчдын татвараар төлбөр тэтгэвэр авах боломжтой болжээ. Гэвч байгууллагууд таван жилд нэг удаа нийгмийн татвараа төлөх шаардлагаа бараг биелүүлдэггүй. Үүнээс болж хувийн компаниудын нийт ажилтнуудын 84 хувь нь хамгийн доод тэтгэвэр болох 220 пул буюу 58 мянган төгрөгийн тэтгэвэр авахаас өөр аргагүй болдог. Тэтгэвэрт гарах нас нь дундаж наслалтаас зургаан сараар илүү.
Мөн хүн бүр тэтгэвэр авах боломжгүй улс орнуудын тоонд Вьетнам, Филиппин, Ирак, Нигери, Пакистан, Танзани зэрэг ордог аж.
Эх сурвалж: Fishki.net